"Акуа гарден анх усан парк барина гэж байгаад л орон сууц болчихсон. Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн худалдааны төв болчих вий дээ"
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлээ Улаанбаатарт өвлийн улиралд гадна орчинд идэвхтэй хөдөлгөөн хийх, цэвэр агаарт гарах боломж хязгаарлагдмал байдаг учир хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчны нөхцөлийг бүрдүүлэхээр "Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн" төслийг хувийн хэвшлийн санаачлан ирүүлсэн талаар НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан түр орлогч Т.Даваадалай танилцуулав.
"Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн" төслийг "Нэйшнл Энержи Комплекс" ХХК-аас санаачилсан байна. Үүн дээр Нийслэлийн бизнес инновацын газраас дэмжиж зөвлөгөө өгөөд явж байгаа ба хуулийн дагуу дөрвөн үе шатыг давж байж шалгарах юм байна. Төслийн баг нь ШУТИС-ийн багш эрдэмтдээс бүрдсэн бөгөөд төсөл санаачлагч нь эрчим хүчний мэргэжилтэй үүгээрээ үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай хүн аж. Төсөл нь илүү технологийн шийдэлтэй буюу эрчим хүчний хэмнэлттэй байх төсөл гэдгийг Нийслэлийн бизнес инновацын газраас онцлов.
Төсөл нь дөнгөж эхэлж буй буюу хувийн хэвшил талаасаа санал гаргасан шатандаа явж байгаа бөгөөд цаашид хуулийн дагуу эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн шинжилгээ, ТЭЗҮ боловсруулах зэргийг хийж дууссаны дараа нээлттэй сонгон шалгаруулалт зарлах юм байна. "Нэйшнл Энержи Комплекс" ХХК нь зөвхөн төсөл санаачлагч гэв.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн "Акуа гарден анх усан парк барина гэж байгаад л орон сууц болчихсон шүү дээ. Хувийн хэвшил ашиггүй юм руу хөрөнгө оруулалт хийхгүй. Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байгаад худалдааны төв болчих вий дээ. Үүнийг яагаад заавал төр хувийн хэвшлийн түншлэлээр оруулж ирж буй нь газартай л холбоотой. Газраа нийслэлээс авах гэсэн зорилгоор үүнийг хийх гэж байна гэсэн хардалт байна" гэв.
Уг асуултын хариуд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Төр хувийн хэвшлийн түншлэл дөрвөн үе шаттай байна. Эхлээд хувийн хэвшлийн ирсэн саналд урьдчилсан үнэлгээг хийнэ. Дараа нь ТЭЗҮ хийж ахиад НИТХ-аар оруулж танилцуулан хэрэгжих боломжтой гэж үзвэл сонгон шалгаруулалт руу ордог. Өнөөдөр зөвхөн урьдчилсан үнэлгээг хийж байна.
Цаашид төсвийн мөнгөөр биш хувийн хэвшлээс гарч буй санаачилгыг дэмжээд төр хувийн хэвшлээр төсөл хэрэгжүүлэх нь өндөр ач холбогдолтой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



