ИНФОГРАФИК: Дэлхийн дата төвүүд улс орноор (2026)
Дата төвүүд нь стрийминг үйлчилгээ, үүлэн технологийн хадгалалт, цаашлаад салбар бүрийн хөгжлийг хурдасгаж буй хиймэл оюун ухааны (AI) системүүдийн гол нуруу, үндсэн дэд бүтэц юм. Энэхүү зураглалд Data Center Map-ын мэдээлэлд тулгуурлан улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй дата төвүүдийн байршил, тоо хэмжээг харьцуулан харуулав.
Хэмжээний хувьд бусдаасаа хол тасархай тэргүүлж буй АНУ 3,960 дата төвтэй бөгөөд энэ нь дараагийн 14 улсын нийлбэрээс ч их байна.
Нийт тоо нь аргачлалаас шалтгаалан ялгаатай байж болох ч дэд бүтэц цөөн хэдэн том эдийн засагт төвлөрсөн нь тодорхой харагдаж байна.
АНУ хол зөрүүтэй тэргүүлж байна
Энэхүү мэдээллийн санд бараг 4 мянган дата төвтэйгөөр АНУ дэлхийн хамгийн том дата төвийн зах зээл болж байна. АНУ-ын энэхүү давамгай байдал нь томоохон үүлэн үйлчилгээ үзүүлэгчид болон технологийн компаниудын их хэмжээний хөрөнгө оруулалтыг илэрхийлж буй юм. “Hyperscaler” буюу асар их хүчин чадалтай үүлэн үйлчилгээний компаниудын олон жилийн хөрөнгө оруулалт нь дэлхийн үүлэн болон AI-ийн хүчин чадлын ихэнхийг тус улсад төвлөрөхөд нөлөөлжээ.
Европын хүчтэй байр суурь
Европ нь дэлхий даяарх дата төвүүдийн хоёр дахь том төвлөрөлтэй бүс нутаг юм. Их Британи, Герман, Франц улс тус бүр хэдэн зуун дата төвтэй. Эдгээр орнууд нь интернэтийн гол зангилаа цэгүүдийг байршуулж, олон улсын үүлэн болон мэдээллийн технологийн үйлчилгээний төвүүд болдог.
Нидерланд, Испани, Швед зэрэг бусад орнууд ч мөн дата төвийн хүчирхэг дэд бүтэцтэй.
Ази болон бусад бүсийн өсөн нэмэгдэж буй зах зээлүүд
Азийн бүс нутаг хурдацтай тэлж байгаа бөгөөд Хятад, Япон, Энэтхэг улс тэргүүлж байна. Дижитал эрэлт нэмэгдэж, үүлэн технологийн хэрэглээ түгээмэл болж байгаа нь Азийн томоохон зах зээлүүдэд тасралтгүй өргөжих хөшүүрэг болоод байгаа.
Мөн Индонез, Малайз, Өмнөд Солонгос зэрэг хөгжиж буй эдийн засагтай орнууд жагсаалтад багтжээ. Харин Сингапур, Хонконг зэрэг жижиг улс, бүсүүд стратегийн холболт, бизнесийн таатай орчны ачаар хэмжээнээсээ давсан нөлөө үзүүлж байна.
Эх сурвалж: visualcapitalist.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
