Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар хийхээр стандартыг шинэчлэн баталлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус хуралдаанаар "Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага” хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, баталлаа.

Тухайн стандартад “Явган хүний замын гадаргууг бетон, асфальтбетон, хавтант, чулуун болон резин материалаар хийж болно" гэснийг “Явган хүний замын гадаргууг бетон, асфальтбетон, хавтант, байгалийн чулуун хавтан, чулуун хучлага, болон резин материалаар хийж болно” гэж өөрчлөлт оруулж байгаа юм. 

Мөн "Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар өрөлтийг хийсний дараа шаардлага хангасан эпоксид, полиуретан зэрэг ус шингээлт багатай, химийн болон механик урвалд тэсвэртэй, уян хатан шинж чанартай чигжээсийг хавтан хоорондын зайд чигжин хийнэ. Тус чигжээс нь ус, чийгээс суурийг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг тул дараах байдлаар гүйцэтгэвэл зохино" гэж нэмэлт оруулах аж.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч У.Оюунзул "Явган хүний зам, талбайн төлөвлөлт хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага хотын стандартыг 2022 онд баталж байсан. Үүнийг сайжруулахаар оруулж ирж байгаа гэж ойлголоо.

Өмнөх стандарт дээр "байгалийн чулуун хавтан, чулуун хучлага, болон резин материалаар хийж болно" нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. 

Явган хүний зам талбай сайжруулахад хөрсний асуудал хамгийн чухал. Улаанбаатар хотын хөрсний элэгдэлд 55 хувиас дээш байна гэсэн судалгаа бий. Энэ тоо улам нэмэгдэнэ. Хөрсний чанар муудаж, ус хадгалах чадвар улам буурч байгаа. Тэгэхээр бид явган хүний замын ажил хийхдээ хөрсний нөхцөл байдалтайгаа уялдуулж хийх ёстой. 

Өндөр хөгжилтэй орнууд 0.5-1 метрийн цутгалт хийж байгаад дээр нь явган хүний зам хийдэг. Бидний эдийн засгийн нөхцөлөөс хамаараад одоо танилцуулж буй байдлаар хийж байна.

Явган хүний замын гадаргууг бетон, асфальт бетон, хавтанд, чулуун болон резин материалаар хийсэн замууд хэдэн км байгаа вэ. Аль нь хамгийн чанартай байгаа вэ. 

2024-2025 онд нэлээд урт км явган замыг засаж сайжруулсан. Энэ жил тус явган зам дээр нэмээд чигжээс гэдэг зүйлийг хийх үү, хэзээ хийх, хэдэн төгрөг зарцуулах вэ. Хэдэн км явган замд стандарт шинээр тусгаж буй чигжээсийг хийх вэ, хэдэн төгрөгийн төсөв зарцуулах мэдээлэл өгнө үү" хэмээн асуув.

Түүний асуултад Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Монгол Улсын хэмжээнд явган зам, авто зам, төмөр замыг чанарын шаардлага хангасан байдлаар тавьж чаддаггүй. Манай стандарт маш хоцрогдсон. Тиймээс Лүн, Улаанбаатар төмөр зам жил бүр угаагддаг. 

Бид хөрс болон суурийн асуудлыг өөрчлөх шаардлагатай. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2025 оноос 48 км Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөөний төв замыг чулуун материалаар хийж байгаа.

2025 онд 160,000 метр квадрат явган замыг солино гэж төлөвлөснөөс 50 хувийн гүйцэтгэлтэй дууссан. Энэ жил 70-75 мянган метр квадрат замыг үргэлжлүүлж хийнэ. Хэрэв стандарт батлагдвал энэ хийх гэж байгаа ажил дээрээ хучилтын материалаа тусгаж өгөөд явна" гэв.

видео: