"ХПВ-ээр үүсгэгддэг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх гол арга бол вакцин"
Умайн хүзүүний хорт хавдрын вакцин, илрүүлгийн кампанит ажлын талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд
- 2024 онд 8,162 хүн
- 2025 онд 8,016 хүн хавдартай хэмээн оношлогджээ.
"Элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлыг анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл хавдрын тохиолдол буурахгүй байна" хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ярьсан юм.
Тэрбээр үргэлжлүүлэн "Умайн хүзүүн хорт хавдрыг үүсгэгч Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн эсрэг вакцин 1970 онд гарсан байдаг. Өнөөдөр дэлхийн 146 орон нийт хүн амдаа энэ вакциныг хэрэглэж байна.
Манай улсад умайн хүзүүн хавдар нь тэргүүлэх зэргийн хавдруудын нэг боллоо. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 настай охид, хөвгүүдээ вакцинд хамруулах ажлыг хийгээд эхэлсэн. Гэхдээ вакцинд хамрагдалт хангалттай хэмжээнд хүрэхгүй байна.
2024 онд 40,000 хүүхдийг вакцинд хамруулна гэж төлөвлөсөн ч 8,000 хүүхэд хамрагдсан. Харин 2025 онд 19,000 орчим хүүхэд хамрагдсан. Өөрөөр хэлбэл бид төлөвлөж байгаа тооныхоо 50 хувьд ч хүрэхгүй байна.
Энэ жилээс кампанит ажил болгоод иргэд олон нийтэд зөв ойлголтыг хүргүүлж, урьдчилан сэргийлж ажиллана" гэв.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч "Хүний Папиллома Вирусээр үүсгэгддэг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин нь 2023 онд Засгийн газрын тогтоолоор товлолт дархлаажуулалтын товонд орсон ажил.
Хүний Папиллома Вирусийг үүсгэж байгаа умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 2025 оноос 90-70-90 гэсэн хөтөлбөрийн хүрээнд цогцоор нь хэрэгжүүлж байгаа.
- 90 гэдэг нь нийт товлолт дархлаажуулалтынхаа хувийг 90 хувьд хүргэх
- 70 гэдэг нь умайн хүзүүний хорт хавдрын сэжигтэй бөгөөд хорт хавдраар өвдөж байгаа эмэгтэйчүүдийг 70 хувь хүртэл илрүүлэх
- Эмчилгээний хүртээмжийг 90 хувь болгох зорилготой.
ХПВ-ээр үүсгэгддэг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх гол арга бол вакцин юм.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нийслэлийн хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээг цогцоор үзүүлж байгаа. Энэ төвийг 2025 онд байгуулсан.
Манай төв болон Баянгол дүүргийн хэмжээнд 383 умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж, хяналтад ороод явж байгаа. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажил чухал" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





