Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

ХЭМЖИЛТ: Дүүргийн эмнэлэгүүд, гэр хороолол дундах хороодын дотоод орчны агаарын чанар ямар байна вэ?

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд 2019 оны арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 4 хувийг томуу төст өвчний тохиолдол эзэлж, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг уртасгасан цагийн хуваарьт шилжүүлэв.

Сургууль, цэцэрлэгийн хичээл цуглаж, цаг агаар хүйтрэх үеэс ийнхүү өвчлөл нэмэгдэж эхэлдэг.  Арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар л гэхэд дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн кабинетын орны ачаалал 7.7 хувиар хэтэрсэн байдалтай байв.

Тэгвэл хүүхдүүд эмчилгээ хийлгэх орчинд агаарын бохирдол ямар хэмжээнд байгаа та талаар судалгааг Амьсгалах эрх төслийн хүрээнд Зайгал Судалгааны Институт гүйцэтгэжээ.

2019 оны нэгдүгээр сард Амьсгалах Эрх төслийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн эмнэлэг, 5 сургууль болон гэр хороолол дундах зарим хорооны байр буюу өрхийн эмнэлгийн дотор орчинд нийт 17 ширхэг Airvisual брэндийн агаарын чанарын өртөг хямд мэдрэгч төхөөрөмж суурилуулжээ.

Дотоод орчны агаарын чанар хэмжих мэдрэгч төхөөрөмжийн тусламжтай 2019 оны 1-8 дугаар сарын хооронд өдөр бүр 24 цагийн туршид цуглуулсан мэдээллүүдээс дүүргийн эмнэлгүүд, болон гэр хорооллын дундах өрхийн эмнэлгийн дотор агаарын чанарт хийсэн анализ дүгнэлтийг онцлон танилцуулъя.

ДЭМБ: Агаар дахь тоосонцор 1м/куб-т 21 мкг байх нь стрессийг 17 хувиар ихэсгэдэг

Дотоод орчны PM 10 тоосонцрын хэмжээ нь байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамааран харилцан адилгүй байжээ.

Харин дотоод орчны агаар дахь PM2.5 тоосонцрын хэмжилтэд хамрагдсан дүүргийн эмнэлгүүдийн дотоод орчны агаар дахь тоосонцрын хэмжээ гэр хороолол дундах өрхийн эмнэлгүүдээс харьцангуй бага байжээ. Дотоод орчны агаар дахь PM2.5 тоосонцрын хэмжээ өвлийн саруудад өндөр харин урин дулааны цагт буурсан үзүүлэлттэй байгаа нь гадна орчны агаарын бохирдол шууд нөлөөлж байгааг харуулж байна.

ДЭМБ-ын тайланд, "Агаар дахь тоосонцор 1м/куб-т 21 мкг байх нь стрессийг 17 хувиар ихэсгэж, ургийн гажиг, үр зулбалтад нөлөөлдөг" гэж заасан байдаг. Мөн сүүлийн үед ой санамж, оюуны чадамжийг хүртэл бууруулдаг гэсэн судалгаанууд гарсаар байгаа.

Харин манай улсын агаарын чанарын 24 цагийн  стандартад заасан РМ2.5 хэмжээтэй тоосонцор 1м/куб агаарт 50 микрограм, РМ10 хэмжээтэй тоосонцор 1м/куб агаарт 100 микрограм-аас их хэмжээтэй бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн ангилалд ордог. ДЭМБ-ын биш Монгол Улсын тооцооллоор авч үзсэн ч дотоод орчин дахь тоосонцрын агууламж дүүргийн эмнэлгүүд болон гэр хороололд байрлах өрхийн эмнэлгүүдэд 1-3 сарыг дуустал, зарим эмнэлэгт 4 сарыг дуусах хүртэл 1м/куб-т 50 микрограм -аас дээш хэмжээтэй байна.

График 2: Дүүргийн эмнэлгүүдийн дундаж болон өрхийн эмнэлгүүдийн дундаж дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж

График 3: Чийгшил болон тоосонцрын хамаарал.

Өрөөний агаарын чийгшил 1 хувь нэмэгдэхэд агаар дахь PM 10 тоосонцор 0.46 ug/m3 буурч байна.

Гадаад дотоод орчны агаарын бохирдлын хамаарал:

Гадаад орчны PM 2.5 тоосонцрын хэмжээ 1 ug/m3-ээр нэмэгдэх тутам дотоод орчны PM2.5 мөн 1.13 ug/m3-ээр нэмэгддэг бөгөөд нэгдүгээр сард хамгийн өндөр буюу дунджаар 111.8 ug/m3, долоодугаар сард хамгийн бага 10.6 ug/m3 байна. Харин PM 10 тоосонцор дотоод орчинд хоёрдугаар сард хамгийн өндөр байдаг бөгөөд дундаж хэмжээ нь 192.6 байна. Мөн дотоод орчны бохирдолд гал асаах, тамхи татах гэх мэт бохирдуулагч эх үүсвэрүүд мөн нөлөөлдөг.

Энгийн аргууд үр дүнтэйг судалгааны дүн баталж байна

Таван дүүргийн эмнэлгүүд болон гэр хорооллын буюу агаарын бохирдол ихтэй бүсийн өрхийн эмнэлгүүдэд хийсэн хэмжилтээс харахад дотоод орчны бохирдол 1-4 сард хамгийн өндөр түвшинд хүрч байгаа нь ажиглагдлаа. Хэмжилт хийсэн эдгээр байршил нь агаарын бохирдолд өртөмтгий бүлэг буюу хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудын тогтмол үйлчлүүлдэг газрууд юм. Иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ ч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээний бохирдолтой орчинд байгаа нь судалгааны дүнгээс харагдав.

Хүн амьдралынхаа 2/3-оос доошгүй хугацааг дотоод орчинд өнгөрүүлдэг. Тиймээс дотоод орчны бохирдлыг бууруулах нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй бөгөөд энэ нь тийм ч түвэгтэй биш гэдэг судалгааны  дүнгээс харагдаж байна. Тодруулбал,

  • Гадаад болон дотоод орчны агаар шууд хамааралтай байгаа учраас хаалга цонхны битүүмжлэлийг сайжруулах, гадна агаарын бохирдол нэвтрэлтийг бууруулах арга хэмжээг авах, хаагуур нэвтэрч байгааг олж тогтоох,
  • Элдэв үнэртүүлэгч, арц хүж хэрэглэхгүй байх, анги танхимын засварыг хичээл цуглахаас дор хаяж сарын өмнө дуусган будаг барилгын материалын үнэрийг гаргах, будагт агуулагдах дэгдэмхий органик нэгдлүүд хүний биед хортой.
  • Агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу тогтмол ажиллуулах хэрэгтэй. Тасаг дахь агаар цэвэршүүлэгчийн тоо хангалттай байгаа хэдий ч үүдний танхимд буюу хаалга байнга онгорхой шахуу байдаг байршилд ажиллуулах мөн шүүлтүүрийг солихгүй байх зэрэг нь үр дүнгүй ажиллахад хүргэж байгааг судалгааны тайланд дурджээ. Тиймээс шүүлтүүрийн зардлыг эмнэлгийн төсөвтөө суулгах нь зайлшгүй хэрэгцээ болохыг онцолсон байна.
  • Түүнчлэн эмнэлгийн байгууллагууд дотоод орчныхоо агаарын чанарыг зориулалтын төхөөрөмжөөр хэмжих, бохирдлыг бууруулах аргуудыг тогтмол хэрэгжүүлэх нь өртөмтгий бүлгийн хүмүүсийг эрсдэлээс хамгаалах өндөр ач холбогдолтой.
Дотоод орчны агаар бохирдолтой үед хоолой сэрвэгнэн ханиалгах, нүд аргах, нулимс гоожих, толгой өвдөх, гэрийн тавилга дээр тоос тогтох шинж тэмдгүүд илэрч болно.


Европын холбооны санхүүжилтээр “Пипл ин нийд”/People in need/ ТББ нь Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчин Зураглалын Төв ТББ-уудтай хамтран Амьсгалах эрх төслийг  хэрэгжүүлж байгаа ажээ.

Тус төслийн хүрээнд Зайгал Судалгааны Институт гүйцэтгэсэн "Улаанбаатар хотын эмнэлэг, сургууль болон хороодын байрны дотоод орчны агаарын бохирдлыг Airvisual төхөөрөмжөөр хэмжсэн дата анализын тайлан"-г өгүүлэлд ашиглав.

Амьсгалах Эрх төслийн талаар мэдээллийг доорх сувгуудаар авах боломжтой.

Facebook: People in Need People in Need Mongolia
Twitter: @people_in_need
Youtube: Člověk v tísni
Web site: clovekvtisni.cz