Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРЬЦУУЛАЛТ: Иргэдийн шахмал түлшний талаарх ойлголт, мэдээлэл энэ оны V болон X сард ямар байв?

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Агаарын бохирдлыг бууруулахаар 2019-2020 оны өвлийн улиралд Улаанбаатарт түүхий нүүрсний хэрэглээг хориглон, "Таван толгой түлш" компанийн үйлдвэрлэсэн шахмал түлшийг хэрэглэж байна.

Тэгвэл түүхий нүүрсийг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлсэн энэ оны тавдугаар сард болон шахмал түлш хэрэглэж эхлээд байгаа аравдугаар сард иргэд шахмал түлшний талаар ямар мэдээлэлтэй байгааг харьцуулан хүргэе.

Амьсгалах Эрх төслийн 2019 оны тавдугаар сард сайжруулсан түлшний талаарх иргэдийн ойлголт хандлагад хийсэн судалгаанд нийслэлийн таван дүүргийн 882 иргэнийг хамруулжээ. Харин аравдугаар сард  мөн тус төслийн хүрээнд Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн судалгааны багаас хийсэн судалгаанд таван дүүргийн 700 иргэн, үүний дотор 250 эмзэг бүлгийн иргэн, бага оврын уурын зуух ашигладаг жижиг дунд бизнес, худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААН 50, сайжруулсан шахмал түлш жижиглэн ба бөөнөөр борлуулагч 50 гэсэн дөрвөн нийгмийн бүлгийн нийт 1,050 хүн хамрагдсан байна.

Ингэхдээ шахмал түлшний талаар мэдээлэл иргэдэд хүрсэн эсэх, худалдан авалтад тулгамдаж буй бэрхшээл зэргийг үндэслэн цаашид юунд анхаарах талаар зөвлөмжийг гаргажээ.

2019 оны тавдугаар сар

2019 оны аравдугаар сар

1. Сайжруулсан түлш борлуулах цэгийн байршил, үнийн талаар иргэдийн мэдээлэл хэр их байна вэ?

Судалгаанд оролцсон иргэдийн 80-аас дээш хувь нь сайжруулсан түлшийг хаанаас худалдан авахаа мэдэхгүй хэмээн хариулжээ.

Сайжруулсан түлшний талаарх мэдээллийг иргэдийн ихэнх нь ам дамжсан яриагаар буюу албан бус байдлаар авч байгаа нь сайжруулсан түлшний талаарх сөрөг ойлголтыг иргэдийн дунд бий болгож байгааг мөн судалгааны тайланд тусгасан байна.

Сайжруулсан түлш борлуулах цэгийн байршлыг мэднэ хэмээн иргэдийн 41.8 хувь хариулсан бол 58.2 хувь нь мэдэхгүй хэмээжээ.

Түүнчлэн “түлш борлуулах цэгийг байгуулахдаа танаас санал авсан уу” гэсэн асуултад 87.9 хувь үгүй гэж хариулсан байна.

Мөн иргэдийн 50.2 хувь шахмал түлшний үнийг мэднэ гэсэн бол 49.8 хувь мэдэхгүй хэмээжээ.

10 сарын 15-ны байдлаар шахмал түлш борлуулагч нарын ихэнх нь гэрээ байгуулаагүй, борлуулалтын бөөний болон жижиглэнгийн цэгүүд тодорхой бус, зах зээлд дээр олдоц ховор байгаа нь түүхий нүүрсийг халах, шахмал түлшээр оруулах хүчин чармайлтыг үр дүнгүй болгох эрсдэлийг бий болгож болох юм.

 

2. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж үзсэн үү, түүхий нүүрсийг орлон дулаан болон ахуйн бусад хэрэгцээг хангаж чадаж байгаа юу?

Судалгаанд хамрагдсан иргэдийн 23.5  хувь нь сайжруулсан түлш хэрэглэж үзсэн харин 76.5 хувь нь сайжруулсан түлш хэрэглэж байгаагүй бөгөөд сайжруулсан түлш хэрэглэж үзсэн оролцогчдын 43.7 хувь нь сайжруулсан түлш хэрэглэхэд боломжийн учир байнга хэрэглэдэг гэжээ.

Нийт судалгаанд хамрагдагсдын 85.3  хувь  нь өвлийн улиралд ихэнхдээ түүхий нүүрс хэрэглэдэг бөгөөд судалгаанд оролцогчдын  тал хувь нь буюу 54.2 хувь нь өвлийн улиралд сайжруулсан түлш хэрэглэснээр агаарын бохирдол буурна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

Сайжруулсан шахмал түлш дулаан болон ахуйн бусад хэрэгцээг хэр сайн хангаж байгаа талаар  асуултад иргэдийн 37 хувь нь сайн, 20 хувь нь дунд,13 хувь нь муу, 30 хувь нь мэдэхгүй хэмээн хариулжээ.

ААН-үүдийн хувьд хэдийгээр тогтоолын талаар мэдээлэл авсан боловч халаалтаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй байгаа ААН-үүд дийлэнх нь байна. 

 

3. Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө хүрсэн үү, ямар сувгаар хүрсэн бэ?

Иргэдийн дийлэнх сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэхээ огт мэддэггүй гэсэн нь сайжруулсан түлшний хэрэглээний талаар мэдээллээр иргэдийг хангах хэрэгцээ байгааг харуулж байв.

Иргэдийн 85 хувь түлшний талаар мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хороо, хэсгээсээ хүртээмжтэйгээр авсан хэмээн хариулжээ.

 

 

Түгээлт, борлуулалтын цэгүүдийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна!
 
Гэрэл зургийг mpa.mn

Харьцуулсан судалгаанаас харахад таван сар гаруйн хугацаанд түлшний талаар мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хороо, хэсгүүдээр дамжуулан иргэдэд хүргэсэн нь үр дүнд хүрсэн хэдий ч борлуулалтын цэгүүдийн мэдээлэл хангалттай биш хэвээр байна. Тодруулбал, тавдугаар сард иргэдийн 80 хувь хаанаас түлшээ худалдан авахаа мэдэхгүй байсан бол аравдугаар сард иргэдийн 58.2 хувь түлш борлуулах цэгийн байршлыг мэдэхгүй хэвээр байгаа юм.  

Мониторингийн дүнгээс үзэхэд, шахмал түлшний олдоц өнөөгийн байдлаар Таван толгой шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлаас хамааран бага байгаа нь иргэдийг бухимдлыг бий болгож байна.

Дүүргүүд эмзэг буюу зорилтот бүлгийнхээ иргэдэд халамжийн үйлчилгээний хүрээнд урьдын адил түлээ нүүрсний  үнийг арваннэгдүгээр сараас эхлэн олгох арга хэмжээг авч байна. Хан-Уул дүүргийн хувьд  зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах зорилгоор сайн үйлсийн аян өрнүүлжээ. Дүүргийн төр, захиргаа болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид  “Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аянд сайн дураараа нэгдэж, бөөний цэгт шахмал түлш савлаж, зорилтот бүлгийн айл өрхүүдэд хандивлаж буй сайн туршлагуудыг олон нийтэд түгээхийг иргэдийн зүгээс санал болгож байгааг анхаарах шаадлагатай.

Сайжруулсан шахмал түлш түгээх, тээвэрлэх, борлуулах тогтолцоог сайжруулах, борлуулалтын цэгийн тоог одоогийнхоос 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлага маш чухал. Нийлүүлэлтэд оновчтой зөв маркетинг, хүч хөрөнгө юунаас илүү чухал шаардагдаж байгааг ажил хариуцсан холбогдох байгууллагууд ойлгож, ажиллах шаардлагатайг тайлангийн дүгнэлтэд онцолсон байна.

Иргэд айж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Иргэдийн бүлгийн уулзалт: 2019 оны есдүгээр сарын 23.

Судалгааны дүнг харьцуулахаас гадна иргэд шахмал түлшний талаар ямар мэдээлэлтэй байгааг сурвалжлахаар иргэдийн бүлгийн уулзалтад очсон юм. Иргэдийн ярианд дараах хоёр санаа зонхилж байв.

Нэг. Иргэд угаартаж нас барж байгаа талаар мэдээлэл их гарах болсонтой холбоотойгоор шахмал түлшийг түлэхээс айж байгаагаа хэлж байв. Тиймээс мод түлэх нь нэмэгдсэн. Мөн зарим тохиолдолд айлууд даавуу, гутал гэх мэтийг түлэх болсныг СБД-ийн 9-р хорооны эко иргэдийн бүлгийн гишүүн П.Тунгалаг хэлсэн юм.

Хоёр. Хүртээмж хангалтгүйн дээр савлагаа бас асуудал үүсгэж байгаа аж. Дундын агуулахаас жижиглэнгийн цэг дээр том савалгаа буюу нэг тоннын шуудайтай ирсэн нүүрсийг 25 кг-аар савлах ажил удаашралтай, савлах ажлыг хийх хүн олдохгүй байгааг борлуулалтын цэгийн төлөөлөл хэлж байлаа.

Савлагаан дээр ажиллах хүн байхгүйгээс үүдэн нийслэлээс тохижилтын ажилтнуудыг уг ажилд дайчилсан байна. Үүнээс үүдэн тохижилт, цэвэрлэгээний давтамж холдож байгаа талаар гомдлыг иргэд мөн хэлж байв.

Судалгааны дүн, иргэдийн яриа зэргээс дүгнэхэд сайжруулсан шахмал түлш агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй хэмээн итгэж байна. Гэхдээ түгээлт, борлуулалтын цэгүүдийг байгуулахдаа иргэдийн саналыг аваагүй, шийдвэр гаргахдаа судалгаан дээр үндэслээгүй зэрэг нь өнөөдрийн байдлаар хамгийн тулгамдсан асуудлыг бий болгосон гэж дүгнэж болохоор байгаа юм.



Европын холбоо болон Монгол дахь Америкийн Элчин Сайдын яамны санхүүжилтээр “Пипл ин нийд”/People in need/ ТББ нь Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчин Зураглалын Төв ТББ-уудтай хамтран Амьсгалах эрх төслийг  хэрэгжүүлж байгаа ажээ.

Тус төслийн хүрээнд  Хуульч Эмэгтэйчүүдийн Холбооны хийсэн "Сайжруулсан түлшний талаарх иргэдэд тулгуурласан мониторингийн тайлан"-г өгүүлэлд ашиглав.

Амьсгалах Эрх төслийн талаар мэдээллийг доорх сувгуудаар авах боломжтой.

Facebook: People in Need People in Need Mongolia
Twitter: @people_in_need
Youtube: Člověk v tísni
Web site: clovekvtisni.cz