Хятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ
БНХАУ-ын төрийн өмчит China CAMC Engineering Co., Ltd. компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн болон бусад төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ.
Тэднийг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч тэргүүтэй хүмүүс хүлээн авч уулзаж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх “Хүннү хот”, “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр”, “Лаг хатааж, шатаах үйлдвэр” зэрэг мега төслүүдийг эрчимжүүлэхэд China CAMC Engineering Co., Ltd. компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.
Энэ тухай Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр: Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1,019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлэх юм.
2040 он гэхэд жилдээ 7 сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлэх хүчин чадалтай агуулах, гаалийн үзлэгийн нэгдсэн цогцолборыг байгуулахаар төлөвлөж, хуурай боомт болгон хөгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн ажлууд үргэлжилж буй.
“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Батырбек: Хоногт 1,500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг 2025-2028 онд барина. Ингэснээр 2040 он гэхэд Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 50 хувь болох дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулах боломжгүй 42 хувийг шатааж устган, эрчим хүч гаргана.
Харин Лаг хатааж, шатаах үйлдвэр нь хоногт 250 шоо метр лаг шатаах хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой.
China CAMC Engineering Co., Ltd. компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн тэргүүтэй төлөөлөгчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ уламжлав гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

