Уншиж байна ...

Улаанбаатар хот лаг шатаах үйлдвэртэй болбол ДНБ-д ₮4.4 их наядын эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Усыг цэвэршүүлэхэд ахуйн болон үйлдвэрлэлийн асар их хэмжээний лаг гардаг. Энэхүү лагийг шатаан устгах Лаг шатаах үйлдвэр төслийг 2025-2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр болоод буй.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байгаа аж.

Манай улсад лагийг бүрэн усгүйжүүлж, хатаан шатаах зориулалтын бие даасан үйлдвэр байхгүйгээс лагийн хадгалалт, боловсруулалтын шатанд байгаль орчин, эрүүл ахуйн бохирдол ихэсдэг байна. Ахуйн лаг нь чийгшил, хорт нян, бактерийн агууламж ихтэй тул зохих технологиор боловсруулахгүйгээр булшлах нь хөрс, ус, агаарыг бохирдуулах аюултай. Лаг шатаах үйлдвэр барьснаар эдгээр асуудлыг шийдэж, хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлж, хатаан шатааж 5-6 шоо метр үнс болгох зориулалттай бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийн урд 40 мянган ам.метр талбайд байгуулахаар төлөвлөжээ.

Лаг шатаах үйлдвэртэй болсноор байгаль орчны бохирдлоос үүсэх зардал буурч, хотын дэд бүтцийн тогтвортой ажиллагаа сайжирч, ажлын байрууд бий болох бол Дотоодын Нийт Бүтээгдэхүүнд/ДНБ/ ойролцоогоор 4.4 их наяд төгрөгийн эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолсон байна.

Уг үйлдвэрийг барихад ₮241.4 тэрбум шаардлагатай бөгөөд улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барина.

БНСУ-ын "Keumkang-ThreeENC" консорциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гаргаж, Улаанбаатар хотын удирдлагуудад 2024 оны гуравдугаар сард хүлээлгэн өгчээ.