Уншиж байна ...

$83 саяын төсөвтэй Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станцыг барих тендерт таван компани оролцжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах зорилгоор УИХ-ын 76 дугаар тогтоолоор Хүннү хотыг байгуулах шийдвэр гарч, уг хотын өөрийн эх үүсвэрээс батарей хуримтлуулж, эрчим хүчээ хангах төслийг гүйцэтгэх урьдчилсан сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарлаж байв.

Урьдчилсан сонгон шалгаруулалтын бичиг баримтыг хүлээн авч, өчигдөр нээжээ.

Сонгон шалгаруулалтад:

  • “Нью Ком" ХХК
  • “Эич Эй Си Смарт Тех" ГХОХХК
  • "Энвижи Энэржи" ХХК
  • "Шийриз стоун" ХХК,
  • "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК оролцсон байна.

Энэ тухай “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Хүсэлт ирүүлсэн таван аж ахуйн нэгжийн урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг нээлээ. Нэг сарын дотор техник болон санхүүгийн чадавх зэрэг холбогдох үнэлгээг хийгээд, дараагийн шатны буюу уралдаант сонгон шалгаруулалтад гурав хүртэлх аж ахуйн нэгж шалгарна” гэв.

"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг 83.66 сая ам.доллар байхаар урьдчилан тооцоолжээ. Хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн түншлэгч бүрэн хариуцах аж.

Төслийн хүрээнд зураг төсөл, суурилуулалт, сүлжээнд холбох, нарны дэлгэц болон батарей худалдан авах ажлууд хийгдэх юм байна.

Хүннү дагуул хотыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд байгуулж байгаа билээ.