УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцжээ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.03.16/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ.
1. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийн гишүүдийг УИХ-ын чуулганы завсарлагын хугацаанд аймаг, нийслэл, тойрогт ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, улс орны хөгжлийн бодлого, хууль тогтоомжийн талаар иргэдэд сурталчлан таниулах, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар танилцуулга, үзэл баримтлал, тэдгээрийн санал бодлыг хууль тогтоох ажиллагаанд тусгах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий удирдамж баталж ажиллуулсан. Гишүүдийн тайланг хэлэлцэж, иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эргэх холбоотой ажиллах ёстойг УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо. Бүлгийн гишүүд чуулганы завсарлагын хугацаанд тойрогт болон хуулийн ажлын хэсгийн хүрээнд 826 уулзалтаар 138 мянган иргэнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна.
2. Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Хуулийн төсөлд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүн горимын санал гаргасан бол хууль зүйн нэр томьёог жигдлэх зорилгоор хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар багцлан нэг санал хураалт явуулж болно. Хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төслийг Байнгын хороонд хуваарилснаас хойш ажлын гурван өдрийн дотор УИХ-ын нийт гишүүнд хүргүүлнэ. Яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн болон хуульд батлах хугацааг нь тусгайлан зааснаас бусад анхдагч болон шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн өмнө долоогоос доошгүй хоногийн хугацаанд танилцах боломжийг гишүүдэд олгохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!









