Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох тендерийг долоодугаар сард нээхээр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны Багц-1 тендер зарлагдаж, оролцогчдоос тендерийн материал хүлээн авч буй.

Тендер нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээгдсэн I шатны сонгон шалгаруулалтын үргэлжлэл бөгөөд уг шатанд дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, компани оролцох сонирхлоо илэрхийлсэн юм. Тендерт оролцохоор сонирхсон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тодруулгатай холбоотойгоор II шатны Багц 1-ийн тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр нээхээр хугацааг хойшлуулжээ. Уг тендерийг тавдугаар сарын 1-нд нээнэ хэмээн мэдээлж байв.

Төслийн тендерийг EPC+F (Engineering, Procurement, Construction + Financing) нөхцөлөөр зохион байгуулж байгаа. Шалгарах гүйцэтгэгч нь инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх санал ирүүлэх шаардлагатай гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Багц-1-ийн хувьд нийт төсөвт өртгийн 85 хувийг гүйцэтгэгч тал, харин үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх аж.