Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох тендерийг тавдугаар сарын 1-нд нээнэ

Д.Янжиндулам, ikon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр багц 1-ийн тендерийг ирэх тавдугаар сарын 1-нд нээх бол багц 2-ын тендерийг энэ оны дөрөвдүгээр улиралд зарлахаар болсон байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээсэн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтад  оролцох хүсэлтээ илэрхийлсэн дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, байгууллагаас материал хүлээн авч байгаа аж.

Тендерийг EPC+F (Engineering, Procurement, Construction+Financing) нөхцөлөөр буюу гүйцэтгэгч нь инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх шаардлага тавьжээ.

Багц 1-ийн нийт төсөвт өртгийн 85 хувийг гүйцэтгэгч тал санхүүжүүлэх бол үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ. Энэ онд нийслэлийн төсвөөс "Метро"-г барих төслийн бүтээн байгуулалтын ажилд 110 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.

Метрог барих бүтээн байгуулалтын ажлын төсөвт өртөг нь 8,174,309,100,000/Найман их наяд гаруй/ төгрөг бөгөөд метрогоор зорчих үнийг 1,250-5,000 төгрөгөөр тогтоох тооцоолол гарчээ.

Улаанбаатар метроны маршрут: Толгойтоос Амгалан хүртэл, Энхтайвны өргөн чөлөө дагуу
Шугамын урт: 19.4 км
Өртөө: 15
Оргил цагийн хүчин чадал: 17,206 хүн/цаг
Замын хөдөлгөөний дундаж хурд: 18 хувиар нэмэгдэнэ гэж танилцуулаад байгаа билээ.