Уншиж байна ...

Ирэх онд метро барихад ₮110 тэрбум, төслийн зөвлөх үйлчилгээнд ₮17.6 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл Улаанбаатар хотын 2026 оны төсвийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-аар хэлэлцэж байна. 

Ирэх оны нийслэлийн төсөвт их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төслийн бүтээн байгуулалтын ажилд 110 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн удирдлагууд метро төслийг 2024-2030 онд хэрэгжиж дуусахаар тооцоолсон бөгөөд нийт 8.3 их наяд төгрөгөөр баригдах аж.

Түүнчлэн их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төслийн зөвлөх үйлчилгээнд зориулж ирэх онд 17.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Уг төслийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхэд зөвхөн зөвлөх үйлчилгээнд 145.9 тэрбум төгрөг зарцуулах аж.
зураг
 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар метро төслийн сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарласан учраас тэр зарчмаараа үргэлжилж байна. Эцсийн шатны сонгон шалгаруулалтыг ирэх сарын 15-нд урьдчилсан санал ирүүлсэн 27 аж ахуйн нэгжийн дунд зарлах товтой байгаа.

Том төслийн төлөвлөлтийг олон улсын стандартад нийцүүлж зохион байгуулах, төсөв босгох гээд ажил их байна. Төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ. Мөн Улаанбаатар трамвай төслийн дөрөвдүгээр шатны шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ. Эцэст нь гэж хэлэхэд хотоос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүхий л томоохон төслүүд гараанаасаа гарсан гэдгийг хэлье” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.