Улаанбаатар хотод ирэх оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа метро төслийн бизнес загварыг танилцуулж, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгуулав.
Энэ үеэр метро төслийн менежер Т.Мөнхдалай "Толгойтоос Амгалан хүртэл явах метро нь 15 өртөөтэй, 19 километр урт замтай байна. Өртөө бүрийг дээрээс хайрцаглаж ухна. Өртөө хоорондын зай 800-1.7метр, хос туннель 30 километр урттай.
Хотын баруун болон зүүн захын дэд станцаас эрчим хүч авна. нэг дор 29МВТ-ын суурь чадал хэрэглэнэ. Метроны галт тэрэг 1,500 Вольтын хүчдэлээр ажиллана. Өртөөний байгууламж дотор 220, 330В-ын хүчитгэх дэд станцуудыг байгуулна. Галт тэрэгний дохиолол, автоматжуулалт нь хакераас хамгаалагдсан 4G дээр суурилсан долгион ашиглаж удирдлагын төвүүдтэй харилцана. Эхний жилүүдэд галт тэргийг автоматаар удирдах ч хариуцсан мэргэжлийн ажилтнууд явж, зорчигчдын аюулгүй байдлыг хангана. Харин ажилтнууд туршлагатай болсны дараа метроны галт тэрэг бүрэн автомат болох юм.
Амгаланд 26 га газар дээр метроны засвар үйлчилгээний төвийг ил байгуулна. Бидний худалдаж авах хөдлөх бүрэлдэхүүн 35 жилийн баталгаатай, нэг цуваанд 20 метрийн урттай зургаан галт тэрэг явах бөгөөд 900-1,330 зорчигч тээвэрлэнэ. Дараагийн галт тэрэг хүлээх хугацаа 4.5 минут. Нийт 114 вагон буюу гал тэрэг худалдаж авна.
Метро төслийн нийт төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар. Үүнээс 2 тэрбум, 389 сая ам.долларыг бүтээн байгуулалтад, 40-50 саяыг төслийн зөвлөх, менежментийн үйлчилгээ болон бусад зардалд зарцуулна.
2024 оны арваннэгдүгээр сард автобусны тасалбар 500 төгрөг байх үед иргэдийн орлого, эдийн засгийн боломж, төслийн эдийн засгийн үр өгөөжид үндэслэн метроны суурь үнийг 1,250 төгрөг дээр километр тутамд 50 төгрөг нэмж хамгийн хол зорчсон хүн 2,000, ойрхон зорчсон нь 1,250 төгрөг төлөх үнэлгээг гаргасан. Санхүүгийн дахин шинжилгээ хийж метрогоор зорчих тасалбарын үнэ 5,000 төгрөг байвал эдийн засгийн үр нөлөө бага зэрэг буурах ч санхүүгийн хувьд ашигтай байхаар тооцоолсон. Метро ашиглалтад орох үед тасалбарын үнийг НИТХ-аас эцэслэн тогтооно.
Тасалбарын орлогоос гадна өртөө доторх худалдаа, үйлчилгээний түрээс, хөдлөх бүрэлдэхүүн доторх зар сурталчилгаанаас жилд 6 сая орчим ам.долларын орлого олно. Төслийг зардлаасаа илүү эерэг нөлөө үзүүлэх дүгнэлт гарсан.
Монгол Улсын Засгийн газрын баталгаагаар төслийн 20% буюу 500 сая ам.долларыг Олон улсын Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл, 1.9 тэрбум ам.долларыг гүйцэтгэгч өөрөө санхүүжүүлнэ. Капитал хөрөнгө оруулалтын 15%-ийг санхүүгийн зургаан жилийн хугацаанд нийслэлийн төсвөөс гаргана. 2026 онд 130 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж, баталсан" хэмээн танилцуулав.
Метро төслийн хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг энэ сард зарлаж, ирэх оны эхний хагаст тендерийг нээх бөгөөд зургаан жилийн дараа буюу 2031 онд метрог ашиглалтад бүрэн оруулах аж.
Ирэх онд нэг тэрбум ам.доллар хүртэлх баталгаа гаргуулах бөгөөд метро төсөлд 280 сая доллар, тойрог зам төсөлд 260 сая ам.долларын, үлдсэнийг Эрчим хүчний яамны төсөлд баталгаа Сангийн сайдын гарын үсэгтэй баталгаа гаргуулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!