"Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана"
Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн эхний шатанд долоон улсын 27 оролцогч оролцож, материалаа ирүүлсэн талаар дөрөвдүгээр сард мэдээлж байв. Метротой болох төсөвт өртөг нь 8,174,309,100,000/Найман их наяд гаруй/төгрөг бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгөөс гаргана.
Харин дараагийн шатны тендерийг хэзээ зарлах тухайд НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс "Улаанбаатар метро төслийн нээлттэй тендерийн хоёрдугаар үе шатыг 27 оролцогч дунд зарлахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа"-г мэдээллээ.
Одоогийн байдлаар метро төслийн санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлд олон улсын байгууллагуудтай хэлэлцээ хийх, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг олон улсын зөвлөхүүдийн хамт боловсруулах ажлыг эхлүүлж, нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Метро төслийн төсөв 1.3 тэрбум ам.доллар байсан бол ТЭЗҮ-ээрээ 2.4 тэрбум ам.доллар болж нэмэгдэж, үүний 15%-ийг нийслэлээс, үлдсэн санхүүжилтийг олон улсын зах зээлээс босгох гэнэ.
Найман их наяд төгрөгөөр Улаанбаатар хотын метрог барих нэгдүгээр шатны тендерт хүсэлтээ ирүүлсэн гадаад, дотоодын 27 компани:
- China railway 20 th Burrau Croup Co. Ltd
- China Second Metallurgu Croup Co. Ltd
- LS electic Co. Ltd
- Poly Changde Engineering Co. Ltd
- Hyundai Rotern Company
- CRRS Dalian Co. Ltd
- Акционерное общество "Дороги и Мосты"
- Power construction corporation of China Co. Ltd
- Макс рөүд ХХК
- Dawonsys Co. Ltd
- Samsung C and T Corporation
- Larsen and Toubro Limited
- Арж Капитал ХХК
- STraffic Co. Ltd
- Kolan Global Corporation
- Ilsung Construction Co. Ltd
- China Railway Group Limited
- Чайна Гэжуба Групп Лимитед компани
- Daeati Co. Ltd
- Си Эм И Си инженеринг ХХК
- ALSTOM Transport SA
- Norinco international Cooperation
- Woojin Industral Systems Co. Ltd
- China first highway Engineering Company Limited
- China state Construction Engineering Corp. Ltd
- Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК
- Shandong Luqiao Group Co. Ltd компани
Улаанбаатар хотын метро нь Толгойтоос Амгалан чиглэлд нийт 15 өртөөтэй, нэг депо бүхий 19.4 км, цагт 17,200 зорчигч тээвэрлэхээр тооцоолжээ. Ингэснээр авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10%, дундаж хурд 18%-аар өсөж, иргэд автобусаар 45 минутад явах зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдээд зогсохгүй өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөллийг үзүүлэх үр дүн шинэчилсэн ТЭЗҮ-ээр гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
