Улаанбаатар хотод гурван жилийн хугацаанд 24 мега төсөл хэрэгжүүлэхээр НИТХ-аас баталсан байдаг. Эдгээр төслийг ямар мөнгөөр хэрэгжүүлэх асуудал өнөөдөр болж байгаа НИТХ-ын хуралдаанаар яригдав.
Энэ тухай Сэлбэ хот орон сууцжуулалтын төслийн захирал У.Баатар "Нийслэлийн хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн Техник, Эдийн Засгийн Үндэслэл/ТЭЗҮ/-ийг боловсруулах явц 53%-тай байна. Есөн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Бодит байдал дээр гүйцэтгэлийн шатанд орсон цөөн төсөл бий. ТЭЗҮ нь эхлээгүй дөрвөн төсөл байна. Ганц дүүжин тээврийн төсөл сайн хэрэгжиж байгаа.
Төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлт хамгийн том асуудал болдог. Газар чөлөөлөлтөд мөнгөн дэмжлэг шаардлагатай байгаа.
Судалгааны баг Туулын хурдны зам, Тойрог хурдны замын нэгдсэн симуляцыг хийж, ирэх долоо хоногт танилцуулахад бэлэн болоод буй.
24 мега төсөл нь үнийн дүн өндөртэй, урт хугацаанд хэрэгжинэ. Хөрөнгө оруулалтыг зөв зохистой шийдвэрлэхгүй бол Монгол Улсын инфляцад нөлөөлнө. Эдгээр төслийн 45%-ийг гадаадын зээл тусламжаар, нийслэл, улсын төсвийн хөрөнгөөр 17, төр хувийн хэвшлийн түншлэлээр 33, бондын хөрөнгөөр 3 хувийг санхүүжүүлнэ гэж эрэмбэлсэн. Жишээ болгож, хоёр төслийн санхүүжилтийг тайлбарлая.
Трамвай болон метро төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизм ижил.
Метро төслийн төсөв 1.3 тэрбум ам.доллар байсан бол ТЭЗҮ-ээрээ 2.4 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Үүний 15%-ийг нийслэл, үлдсэн хувийн санхүүжилтийг олон улсын зах зээлээс босгохоор ажиллаж байна.
Эхний ээлжид Английн Экспортын банктай хамтарч ажиллах санамж бичгийг байгуулсан. JP Morgan ажиллаж байгаа. Трамвай төсөлд гурван банкнаас саналаа ирүүлсэн. Гүйцэтгэгч байгууллагуудтай хэлцэл хийж байгаа. Томоохон төслүүдийг дотоодын санхүүжүүлэх боломжгүй" гэсэн юм.
Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр "24 мега төслөөс өнөөдрийн байдлаар дөрвөн төслийн барилгын ажил эхэлсэн.
Баянхошуу хот орон сууцжуулах төсөл 41.9%
Дүүжин тээвэр 17.3%
Хүннү хот 20%
Эмээлт эко аж үйлдвэрийн барилгын ажлын явц 5%-тай байна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
|