Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй гурван бөх тэмцээнийг тэргүүлж байна
Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээний ес дэх өдөр өнөөдөр өндөрлөлөө.
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүний дөрөвдүгээрт бичигдэж буй Дайешог ялснаар качигоши буюу тавин хувийн амжилтаа үзүүлсэн эхний гурван бөхийн нэг боллоо. Нэгдүгээр сарын тэмцээнд 11 ялсан Киришимагийн хувьд эхний зорилго нь 10 ба түүнээс дээш даваа авах юм.
Ингэснээр секивакэ цолтой бөх гурван тэмцээнд 33-аас дээш давбал озеки цолтой болох болзлыг биелүүлэхэд нэг алхам ойртоно. Хэдийгээр сүүлийн хоёр тэмцээнд дараалан 11 ялсан ч санякү буюу цолтой бөхөөс хойш гурван тэмцээнд 33-аас дээш давсан байх шаардлагатай. Тэгвэл Киришимагийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд маэгаширагийн зүүний хоёроос барилдсан юм.
Түүнээс гадна маэгаширагийн зүүний 10-т бичигдэж буй Гонояама, барууны 5-д жагсаж байгаа Котошохо нар мөн найм давсан байна.
Өчигдөр Дайешод унасан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлэгчдийн нэг маэгаширагийн барууны дөрөв дэх бөх Таканошог давснаар тэд ижил хоёр унаатай нэхэж явна.
Харин энэ сарын тэмцээнд ёкозүна цол горилж байсан озеки Аонишики сүүлийн гурван өдөр дараалан унаснаар цол ахих мөрөөдлөө хойшлуулахад хүрлээ. Тэр энэ башёд түрүүлэх бус харин кадобан буюу цолоо алдахад хүрэхгүйн тулд 50% амжилтаа үзүүлэх зорилготой болсон юм.
Украин бөх өнөөдөр Такаясүг ялснаар 4:5 амжилттай болоод буй.
МОНГОЛ БӨХЧҮҮД
Дээд зиндаа
- Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн - 7:2
- Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн - 8:1
- Б-6 Онокацү Б.Чойжилсүрэн - 1:6-2
- З-7 Ошома П.Дэлгэрбаяр - 4:5
- Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил - 2:7
- З-14 Чиёошёома Г.Мөнхсайхан - 5:4
- З-16 Асахакүрюү Р.Жамъяантогтох - 6:3
Жюүрёо
- Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар - 6:3
- З-9 Тамашёохо Э.Энхманлай - 2:7
- З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн - 7:2
- Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц - 6:3
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

