Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хермес худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцыг барихдаа туннелийн их биеийн бүтээцийг төмөр замын суурь доогуур домкратаар түлхэж оруулах (box jacking) технологиор гүйцэтгэж дуусжээ. Энэ арга нь төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр гүйцэтгэдэг бөгөөд олон улсын практикт өргөн хэрэглэгддэг өндөр нарийвчлал шаардсан технологи аж.
ННТГ-аас мэдээлснээр урьдчилан бэлтгэсэн туннелийн бүтээц нь ойролцоогоор 2,200 тонн жинтэй бөгөөд тооцоологдсон ачааллын дагуу 500 тоннын даацтай найман ширхэг гидравлик домкрат, 76 литрийн тосны багтаамжтай насос бүхий хоёр иж бүрдэл системийг ашиглажээ.
Түлхэх явцад бүтээцийн хэв гажилт, суулт үүсэхээс сэргийлэх зорилгоор ажлын суурийг C25 загварын төмөр бетоноор цутгаж, дөрвөн метрийн өргөнтэй гулсах тавцан байгуулан хөдөлгөөнийг жигд, хяналттай гүйцэтгэсэн байна.
Гуравдугаар байршлын нүхэн гарцыг 2026 оны долдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд тус нүхэн гарц ашиглалтад орсноор тухайн орчмын авто замын түгжрэл 10 гаруй хувиар буурах тооцоолол гарчээ.
Нүхэн гарцыг БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос барьж эхэлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!