Уншиж байна ...

"Геологийн төв лаборатори, Хермес төв, Нарантуул захын баруун урд уулзварт байгуулах нүхэн гарцын газар чөлөөлөлт үргэлжилж байна" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын баруун урд дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар болсон билээ. Эдгээрээс БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр Таван шарын төмөр замын доогуур нүхэн гарц барих ажлыг 2023 оны наймдугаар сард эхлүүлж, нэг жилийн дараа ашиглалтад оруулаад буй.

Харин үлдсэн гурван нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Таван шарын нүхэн гарцыг явган хүний гүүрэн гарцын зураг төслийн ажлыг боловсруулж, магадлалаар батлуулахаар хүргүүлжээ.

Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөлтөд нийт 21 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 18-ыг чөлөөлж, үлдсэн гурван нэгж талбарт ААН, иргэнтэй зөвшилцөж байгаа аж. Тус байршлын нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцлэлийн ажил дуусаж, инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа бол 2026 оны хавраас авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм байна.

Хермес төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц их биеийн бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд төмөр замын суурь бүтцийн доогуур түлхэх технологиор байрлуулж байна. Нийт 10 нэгж талбараас дөрвийг нь чөлөөлж, зургаан нэгж талбар зөвшилцөх шатандаа орсон гэнэ.

Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцын загвар зургийг Хот байгуулалт, хотын стандартын газраар батлуулж, газар чөлөөлөлтөд өртсөн 19 нэгж талбарт мэдэгдэх хуудас хүргүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.

Нийт нүхэн гарц төслийн хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, авто болон явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн цогц ажлууд хийгдэх бол газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа барилга угсралтын ажлыг эрчимжүүлэхээр гэж төлөвлөсөн байна. Харин нүхэн гарцуудыг ашиглалтад оруулах хугацааг тодорхой мэдээлсэнгүй.

Төмөр зам авто замтай өөр түвшинд буюу нүхэн гарцын шийдлээр огтлолцох төслийг хэрэгжүүлснээр авто замын хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцөл бүрдэж, төмөр замын хаалттай гарам дээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдал бүрэн хангагдах аж.