Нийслэл хотод төмөр зам, авто замтай огтлолцдог байршлуудад нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй.
Төслийн нэгдүгээр байршил болох Таван шар, төмөр замын 396 дугаар гармын нүхэн гарцын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрсэн бөгөөд гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтыг хийж дууссан бол 90 метрийн урттай явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр зураг төслийг магадлалаар батлуулж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Харин төслийн гуравдугаар байршил болох Хермес төвийн урд, төмөр замын зоорийн нүхэн гарцын төслийн их биеийн бүтээцийн бэлтгэл ажил үргэлжилж байгааг Нийслэлийн Нэгдсэн Төслийн Газраас мэдээлэв. Тус байршилд түлхэх технологи ашиглан нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор байрлуулж буй бөгөөд гүйцэтгэл 50 гаруй хувьтай явагдаж байгаа аж. Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг гүйцэтгэх давуу талтай байна.
Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, нийт 21 нэгж талбараас 18-ыг нь бүрэн чөлөөлж, үлдсэн гурван нэгж талбарын асуудал талуудын хоорондын зөвшилцөх шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа ирэх хавраас уг байршлын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Нүхэн гарцуудыг БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос барьж эхэлсэн байна.
Хермес төвийн төмөр замын нүхэн гарц 3.5 метрийн өндөртэй, 800 метр авто замтай бөгөөд 31,000 машин нэвтрүүлэх бол Геологийн төв лабораторийн нүхэн гарц нь 4.5 метрийн өндөртэй, дөрвөн эгнээ бүхий 1.4 км урт замтай, хоногт 27,500 машин нэвтрүүлэх тооцоолол гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!