Уншиж байна ...

“Архигүй шинэ жил" арга хэмжээг 31 хоногийн хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зургаан гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдэж байна.

Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сард нийт 44,581 гэмт хэрэг бүртгэгджээ.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 7,063 буюу 15.8 хувь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв. 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, олон нийтийн газарт хэрүүл маргаан зодоон үүсгэсэн, ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүл хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлийн улмаас

  • 10,972 хүнийг эрүүлжүүлж,
  • 34,755 хүнийг саатуулж
  • Архины албадан эмчилгээнд 269, сайн дурын эмчилгээнд 301 хүнийг тус тус хамруулжээ. 

Үүнээс үзвэл согтуугаар үйлдэгдсэн зөрчил урьд оны мөн үеэс 9.4, хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж 42.9, иргэн 58.1 хувиар тус тус өссөн байна. 

Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22,098 зөрчил бүртгэгдэн жолоодох эрхээ хасуулж, 5,317 иргэний зөрчлийг шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчлагдсан байна.  

Иймд цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор арванхоёрдугаар сарын 08-ны өдрөөс 31 хоногийн хугацаанд “Архигүй шинэ жил" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг мэдээллээ. 

Бусдыг архиар шахаж, согтоосны улмаас учирсан гэм хорыг тухайн шаардсан этгээд хариуцна.

Арга хэмжээний хүрээнд

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аймаг,
  • Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгавар (21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдаалах, 18 насанд хүрээгүй хүнээр ажиллуулах гэх мэт) хүргүүлж, биелэлтийг тооцох чиглэлээр нийт давхардсан тоогоор 358 чиглэлд 716 алба хаагч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас 168 чиглэлд 345 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж. 

Иймд хууль, дүрмийг чанд мөрдөж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүйгээр шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.