Холливүүдийн алдартай кино найруулагчдын нэг Роб Райнер болон түүний гэргий Мишел Сингер Райнер нар олон хутгалуулсан шархтай үхсэн байсныг Ням гарагт Лос Анжелес дахь гэрээс нь тэдний 28 настай охин Роми олсон юм.
Райнер нь “When Harry Met Sally”, “This is Spinal Tap”, “Stand by Me”, “Misery”, “A Few Good Men” зэрэг олон төрөл жанрын хэд хэдэн алдартай киног бүтээсэн хүн юм.
Даваа гарагт Лос Анжелес хотын цагдаагийн газар найруулагчийн 32 настай хүү Ник Райнерыг баривчилснаа мэдээлжээ.
Орон нутгийн цагаар Ням гарагийн 15:38 цагт гэрт нь очсон түргэн тусламжийн албаныхан 78 настай Роб Райнер, 68 настай Мишел нар нас барсныг зарлажээ.
Тухайн өдрийн орой 21:15 цагийн үед Ник Райнерыг баривчилснаа цагдаагийн албаныхан мэдэгдсэн ч мөрдөн байцаалт үргэлжилж буй шалтгаанаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Ник Райнер өмнө нь мансуурах донтой болсон болон орон гэргүй амьдарч буй тухайгаа хэвлэлд ярьж байжээ.
Тэрбээр 2015 онд өөрийн амьдрал дээр сэдэвлэсэн “Being Charlie” хагас намтарчилсан киног аавын хамт бүтээж байсан юм.
Роб Райнер нь Холливүүдийн домогт жүжигчин, зохиолч Карл Райнерын хүү байжээ.
Тэрбээр 1960-аад оны үед “All in the Family” нэртэй телевизийн хошин цувралд Митхидийн дүрийг бүтээн алдаршсан нь түүний урлагийн замналын гараа болсон гэдэг.
Райнер 1971-1981 оны хооронд “Laverne & Shirley” киноны жүжигчин Пэнни Маршаллтай амьдарч, түүний охин, жүжигчин Трэси Маршаллын хойд эцэг болж байжээ.
Сүүлд тэр “When Harry Met Sally” киног бүтээх явцдаа танилцсан Мишел Райнертай 1989 онд гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон байна.
Мишел Райнер бол жүжигчин, гэрэл зурагчин, продюсер хүн бөгөөд Reiner Light гэрэл зургийн агентлагийг үүсгэн байгуулж байжээ.
Роб Райнер нь уран бүтээлчээс гадна улс төрийн идэвхтэн, Ардчилсан Намын дэмжигч байсан юм.
Тиймээс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр түүний үхэлд харамсал илэрхийлэхдээ давхар улс төрийн үзэл бодлыг нь шүүмжилжээ.
“Тэрбээр ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг үзлээр хүмүүсийг галзууруулснаараа алдартай хүн” гэж тэр сошиал хуудсандаа бичээд энэ үйлдлийнхээ улмаас бусдын гарт алагдсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Трамп энэ мэдэгдлийнхээ төлөө Бүгд Найрамдах Намын хэд хэдэн хамтрагчдаа шүүмжлүүлжээ.
Тухайлбал түүний үнэнч холбоотон асан хууль тогтоогч Маржори Тэйлор Грин “Энэ бол улс төртэй хамаагүй гэр бүлийн эмгэнэлт явдал юм. Олон гэр бүлд хар тамхинд донтох болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүн байдаг. Энэ бол маш хэцүү асуудал бөгөөд аллагад хүргэсэн тохиолдолд өрөвдөх сэтгэлээр хандах ёстой” гэж мэдэгдсэн байна.
Трампын мэдэгдэл бас Райнер агсны найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчдын зүгээс шүүмжлэлтэй тулгарчээ.
Энэ онд нээлтээ хийсэн “Spinal Tap 2” кинонд тоглосон Британийн поп од Элтон Жон “Роб, Мишел нарын тухай өнөөдрийн мэдээг сонсоод итгэж чадахгүй байна. Тэд бол миний амьдралдаа учирсан хамгийн сайхан хүмүүс бөгөөд үүнээс илүүг хүртэх хувьтай хүмүүс байсан юм” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!