Уншиж байна ...

Б.Эрдэнэбатын гэр бүл Enslaver (Боолчлогч) нэвтрүүлэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ

А.Золжаргал, iKon.mn
3 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нууц.мн сайтын сэтгүүлч С. Будрагчаа “Нууц материалууд: Enslaver (Боолчлогч)” нэртэй видео бичлэг бэлтгэн гаргаад байгаа. Үүнтэй холбогдуулан Б.Эрдэнэбатын гэр бүлээс мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд:


Нууц.мн сайт, сэтгүүлч С. Будрагчаагийн 2025 оны 12-р сарын 11-ний өдөр цахим орчинд нийтэлсэн “Нууц материалууд: Enslaver (Боолчлогч)” нэртэй видео бичлэг, түүнтэй холбоотой удаа дараагийн гүтгэлгийн шинжтэй нийтлэлд холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Юуны өмнө тухайн бичлэгт гарч буй мэдээллийн агуулга, оролцогчдын өгч буй тайлбар нь үнэнийг илт гуйвуулсан, олон жилийн өмнө болсон үйл явдлыг хэт нэг талын өнцгөөс зохиомжтой харуулсан байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.

Тухайн үед манай гэр бүлийн үйлчлэгчээр 3 жил ажиллаж байсан Филиппин улсын иргэн сургуульд суралцах болсон шалтгаанаар ажлаас гарч нутаг буцах хүсэлтээ өгч, өөрийн оронд ажиллуулахаар бидэнд талийгаач Террил Атиензаг санал болгож танилцуулсан.

Тэр үед талийгаач Монгол Улсад, өөр гэр бүлд ажиллаж байсан боловч манайд ажиллахыг зөвшөөрсөн. Бичлэгт дурдсанаар бид талийгаачийг аль нэг газраас хүчээр авч ирж, үнэ хөлсгүй ажиллуулсан, боолчилсон гэсэн нь худал мэдээлэл байна.

2011 оны 7 сараас хойш ажилласан 5 сарын хугацаанд бид талийгаачийг хорьж, гар утас, эд зүйлийг нь хурааж, дарамт, шахалт үзүүлсэн зүйл огт байхгүй. Тэрээр Улаанбаатар хотод ажиллах явцдаа чөлөөтэй орж гарч, сүмдээ очиж, танил, найз нөхөдтэй болсон байсан. Түүнчлэн талийгаачийг манай гэр бүлийн хэн нэгэн гишүүн зодож дарамталж, хөнөөсөн гэх тайлбар ор үндэсгүй. Бичлэгт дурдагдаад буй Э.Жаргалан нь талийгаачийг ажиллаж байх хугацаанд хилийн чанадад ажиллаж амьдарч байсан ба түүнтэй ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй.

Ажиллаж эхэлснээс хойш 5 сарын дараа буюу 2011 оны 11-р сарын 20-ны өдөр талийгаачийн бие муудсан тул, яаралтай түргэн тусламж дуудсан. Улмаар Монгол Улсын цагдаагийн байгууллага болон шүүхийн шинжилгээний байгууллага шалгаж “зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас зүрхний хурц дутагдлаар нас барсан” болохыг тогтоосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад биднээс зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд бусдаар ямар ч мэдээлэл авах, оролцох эрхгүй байсан.

Бичлэгт гаргаж үзүүлээд байгаа зураг, баримтууд бидэнд байдаггүй, эдгээрийг бид олж авах боломжгүй, харин мэдэгдэл гаргаж байгаа хүмүүс эдгээр баримт бичгийг хаанаас олж авсныг бид мэдэхгүй.

14 жилийн өмнө болсон үйл явдлыг тухайн үед хууль хяналтын байгууллага зохих хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэсэн байхад өнөө үед үүнийг ямар зорилгоор гэдэг нь мэдэгдэхгүй дахин сөхөж, олон нийтийг төөрөгдүүлэн худал мэдээлэл тарааж, талийгаачийн гэр бүлийнхэнд болон манай гэр бүлийн гишүүдэд сэтгэл санааны дарамт учруулж байгаа нь харамсалтай байна.

Энэ нь зөвхөн манай гэр бүлийн эсрэг төдийгүй тухайн үед асуудлыг шалган шийдвэрлэсэн цагдаа, прокурор, шүүхийн шинжилгээний байгууллага болон тэдгээрийн ажилтнуудын эсрэг явуулж буй гүтгэлгийн чанартай үйл ажиллагаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Бид хуульчдаар дамжуулан уг асуудлыг өдөөн гаргаж буй хүмүүсийг холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах болно.

Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭР БҮЛ

зураг