Испанийн социалист засгийн газар улс орон даяар автобус, галт тэргээр сарын турш хязгааргүй зорчих эрх бүхий 60 еврогийн тогтмол үнэтэй тасалбар гаргаж байгаагаа зарлажээ.
Тус улсын ерөнхий сайд Педро Санчес ирэх оны нэгдүгээр сарын дундаас хэрэгжиж эхлэх уг хөтөлбөрийг өчигдөр оны эцсийн тайлангийн хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан байна.
Тэрбээр энэ санаачилгаа “испаничуудын нийтийн тээврийн талаар ойлголт, ашиглах арга барилыг бүрмөсөн өөрчлөх зорилготой” гэж тайлбарлажээ.
Санчесын эвслийн засгийн газар авлига, бэлгийн дарамттай холбоотой олон дуулианд дараалан холбогдож, нэр хүнд нь унаад буй цаг үетэй энэхүү санаачилга давхцаж байна.
Сөрөг хүчнийхэн ээлжит бус сонгууль зарлахыг уриалсан ч Санчес үүнийг эрс няцааж, Испани улс хөгжлийн зөв зам дээр явааг баталж байгаа.
Тэрбээр сарын тогтмол үнэтэй нийтийн тээврийн тасалбарыг иргэдийнхээ өдөр тутмын амьдралыг сайжруулах өөрийн намын амлалтын нэг хэсэг гэж үзэж байна.
Шинэ тасалбар нь 26 хүртэл насныханд сарын тогтмол 30 еврогийн үнэтэй байх ажээ. Үүний үр дүнд зарим иргэд сарын зорчих зардлаа 60 хүртэл хувиар бууруулж чадах гэнэ.
“Ажил гэрийн хооронд зорчих гэх мэт өдөр тутмын тээврийн зардлаа хэмнэх хоёр сая орчим хүний асуудлыг бид ярьж байна. Засаглалын гол зорилго жирийн иргэдийн амьдралыг амар хялбар болгоход чиглэх ёстой” гэж Санчес хэлжээ.
Герман улс 2023 онд мөн төмөр зам, метро, трамвай, автобусаар хязгааргүй зорчих эрх бүхий сарын тогтмол 49 еврогийн үнэтэй тасалбар нэвтрүүлж байсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!