УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2025.12.16/ Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж байна.
Нэр дэвшигч С.Наранцогт МонголБанканд бодлогын ямар алдаа гарсан түүнийг богино болон дунд хугацаанд хэрхэн засах талаар мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Тэрбээр "Өнгөрсөн 10 жилийн мэдээллийг авч үзэхэд төсөв мөнгөний бодлогын уялдаа тааруухан, КОВИД 19-н хууль гарч хуульд өөрчлөлтүүд орсны улмаас Төв банкны бие даасан байдлын оноо суларсан. Хэдийгээр эдийн засаг өсөлттэй явж байгаа мэт харагдавч манай мөнгөний зах зээлийн тэлэлт өссөн.
Сүүлийн 10 жилд төсөв, мөнгөний зах зээл тус тус 3 дахин нэмэгдсэн. Бодит эдийн засаг 5-6 хувь, зарим жилд хасах өсөлттэй гарсан. Үүнээс улбаалж манай эдийн засаг хөөсөрсөн байдалтай болсон. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч байна. Валютын ханшинд дарамт ирж байна. Хөөс нэлээд томорсон байдалтай байгаа учраас богино хугацаанд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, мөнгөний бодлогын одоо хэрэгжүүлж байгааг үргэлжлүүлэх, сайжруулах замаар энэ хөөсийг хагалахгүй зөөлөн агшааж бодит хөрсөн дээр буулгах ёстой.
Үүний дараа системийн шинэчлэлтүүдийг хийх ёстой. Төв Банкны бие даасан хараат байдлыг хангах эрхзүйн болоод удирдлагын манлайллыг хангах журмаар төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангасан, бие даасан байдлыг хангах, салбарт үүсэж байгаа банкны салбарын либералчлалыг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээдгүй ажил байгаа.
Хөөсрөлт агшиж эдийн засаг бодит байдалдаа очсоны дараа энэ системийн шинэчлэлийг хийх, зээлийн хүү, инфляц, валютын ханш тогтворжих үндсэн нөхцөл бүрдэх учиртай. Үүнийг цаашид үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд гаргаж ирсэн алдаа, сонгуулийн циклд орж үндсэн бодлогын өөрчлөлт, чиглэлээ алддаг байдлаа алддагийг засаж байж Монгол Улсын цаашдын тогтвортой хөгжил биелнэ. Энэ чиглэлд удирдлагын манлайлал гаргаж, хуулиар олгогдсон ажил үүргийг гүйцэтгэнэ гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!