Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаан 11:04 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Н.Учрал, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2025 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй хэмээгээд, энэ чухал байгууллагыг удирдах үүрэг гүйцэтгэгчээр хэнийг томилох талаар тодруулав.
Хуралдаан даргалагч Сонгуулийн төв байгууллагын дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул хуульд заасны дагуу томилгооны сонсгол явуулах учиртайг дурдаад, тус байгууллагын даргад нэр дэвших хүн тодорхой болоогүй учраас Байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, Сонгуулийн ерөнхий хорооны даргыг шинээр томилох хүртэл хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн даргад даалгасан УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан талаар танилцуулсан.
Өөрөөр хэлбэл, СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болсон байна.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Сонгуулийн ерөнхий хорооны даргыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!