Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ хэлэлцээрээр хоёр том асуудлыг шийдэх гэж байна. Нэг нь төмөр замын бодлого, нөгөө нь Тавантолгойн ордын хувь заяаны асуудал. Энэ асуудалд гишүүд туйлын хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна.
Хил холболттой холбоотой ажилд манай талаас хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Барилга угсралтыг айлын талаар сонгон шалгаруулна. Нэг зураг төсөлтэй явна гэж байгаа юм байна. Барилга угсралтын ажилд монголын талаас ямар түүхий эд авах вэ, хэдэн хүн ажиллуулах вэ.
Хоёрдугаарт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний хүрээнд 16 жил буюу эхний дөрвөн жилд 27 сая, дараах 12 жилд 20 сая гээд нийт 267 сая тн нүүрсний асуудал яригдаж байна. Тэгвэл өмнө нь байгуулсан урт хугацааны гэрээнүүд дээр ямар нөхцөл үйлчилж байгаа. Биржийн үнээс хэдэн хувийн хөнгөлөлттэй байгаа вэ. 16 жилийн хугацаанд нийт 267 сая тн гаргахдаа манай тал ямар хөнгөлөлт үзүүлэх вэ.
Мөн уурхайн хүчин чадлыг нэмэх гэдэг заалт байна. Тэгэхээр Тавантолгойд шинээр ам нээх үү. Оператор компанийг хэрхэн шалгаруулах вэ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Энэ бүтээн байгуулалтад нийт 978 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг Эрдэнэс Тавантолгой компани бэлнээр өгнө. Нүүрсээр, бартер маягаар төлбөр хийхгүй.
Хятадын талын төмөр замын суур бүтэц эзэмшигч компанийн шалгаруулсан компаниар хийлгэхээр гэрээнд тусгасан. Монголоос хятадын тал руу өргөн царигийн төмөр зам орно. Тэнд өргөн царигийн төмөр замын терминал байгуулагдсан байх болно. Мөн адил хятадын талаас нарийн царигийн төмөр зам монгол руу орж ирнэ. Энд нарийн царигийн төмөр замын терминал байгуулагдана.
Геологи, газар зүйн хувьд усны урсацтай, голын сайр дагасан газар. Тиймээс маш өндөрт, цементэн тулгуур багана дээр төмөр зам баригдана. Ойролцоогоор 30 метр буюу 10 давхар байшинтай тэнцэх хэмжээний өндөрт баригдах юм. Мөн зарим хэсэгтээ хоёр төмөр зам нэг гүүрээр зөрөх байгууламж байгаа. Тиймээс нэлээд туршлага шаардсан ажил хийгдэнэ.
Үнийн хөнгөлөлтийн тухайд хятадын компаниудын үнийн аргачлалыг баримтлаач ээ гэдэг санал тавьсан. Энэ дээр бид биржийн дундаж үнийг баримтална гэж хэлэх боломжгүй байгаа.
Өмнө нь судалгаа хийгдсэн Тавантолгойн найман лиценз байгаа. “Бор толгой”, “Онч хараат” гэдэг хоёр талбай байгаа. Эдгээр талбайд шинээр ам нээж нүүрсээ борлуулах хүчин чадал нэмэгдэнэ.
Оператор хийх нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Үүний туслан гүйцэтгэгчээр монгол компани, монгол ажилчид оролцох эрх нь нээлттэй байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!