Цагт 1,200-1,500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээврийг Яармагаас Сонгинохайрхан дүүргийн I хороолол хүртэл явуулах бөгөөд 4.2 км замын шугамыг угсрах ажил эхлээд байгаа. Уг төслийн явцын талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.
Тэрбээр "2018 онд эхэлсэн дүүжин тээврийн төсөл үргэлжилж байна. Төслийн тоног төхөөрөмжийг Франц улсаас гаралтай байх шаардлагыг тавьж байгаа юм. Замын-Үүдийн боомтоор тоног төхөөрөмжүүд тус улсаас ирж байна.
2025 оны зургаадугаар сар гэхэд дүүжин тээврийн үндсэн цамхаг болон кабинуудыг угсарч дуусгана. Цамхаг, кабиныг угсарснаас хойш бүтэн зургаан сарын хугацаанд зорчигч суулгахгүйгээр туршилтын тээвэрлэлт хийх дүрэмтэй.
Хугацааг наашлуулж, ирэх оны есдүгээр сард улсын комисс дүүжин тээврийг хүлээж авч, ашиглалтад оруулах шаардлагыг тавьж байгаа.
Нийслэлийн зүгээс бүх зөвшөөрөл, зөвшилцлийг хийж дууссан. Хархорин худалдааны төвийн баруун талын Барс-2 худалдааны төвийн зарим хэсэг, түүний хажуугийн тодорхой объектыг дулааны улирал эхлэхээр буулгаж газрыг чөлөөлөхөөр эзэмшигч нартай нь тохиролцсон.
Яармагийн замаар өглөөний оргил ачааллын үед 90,000-95,000 автомашин зорчдог. Дүүжин тээврийг ашиглалтад оруулснаар энэ хөдөлгөөний урсгалыг сааруулна гэж ойлгож байгаа. Эдийн засгийн үр өгөөж, ТЭЗҮ-г Тээвэр Хөгжлийн Төвөөс баталсан" гэв.
Дүүжин тээврийн кабин нь ган татлагатай, өвөлдөө суудал нь халдаг тул бүхээг дотроо аль ч улиралд дулаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой гэдгээрээ давуу талтай. Манай улсад үйл ажиллагаа явуулах "Пома" групп нь эвдрэл гэмтэл, аюулгүй байдлаа өөрсдөө хариуцна гэж төслийн дэд менежер Лео Фридрих хэлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!