Уншиж байна ...
Зураг
Зураг

2025 оноос Эхийн алдар одонгийн мөнгө ХОЁР ДАХИН НЭМЭГДЭНЭ

Г.Мөрөн, iKon.mn
Өнөөдөр 12 цаг 17 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оноос Эхийн алдар I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200,000 төгрөг олгож байсныг 400,000 төгрөг болгож, хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон.

Мөн II зэргийн одонтой эхэд 100,000 төгрөг олгож байсныг 200,000 төгрөг болж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дээрх мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээ дэмжих бодлогын нэг хэлбэр нь "Алдарт эх"-ийн одон, үүнийг дагалдах мөнгөн дэмжлэг юм. Цаашид нийгмийн хамгааллын үйлчилгээгээ сайжруулж, оновчтой, үр дүнтэй байлгахад анхаарч ажиллана" гэжээ. 

2024 оны зургаадугаар сарын байдлаар 252,700 гаруй ээж Эхийн алдар одонгийн мөнгө авч байсан бөгөөд уг тэтгэмжийг олгоход жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулж байв.

Хэдийгээр Монгол Улс хүн амаа өсгөх бодлого баримталдаг гэдэг боловч бодит байдал дээр агаар орчны бохирдол, амьжиргааны нөхцөл байдал зэрэг олон асуудлаас шалтгаалж төрөлт буурч байна.

Ээжүүдийн хувьд өвлийн их утаа, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж гэхчлэн асуудал их байгааг шийдэж өгөөч хэмээн төр, засгийн удирдлагуудаас шаардсаар буй. 

Мөн Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ "Өнөөгийн нийгэм эх, хүүхдэд хамгийн ээлгүй тогтолцоог бий болгосон. Ажил хийж буй эмэгтэйчүүд цөөн хүүхэд төрүүлж байна. Учир нь цалингаараа амьдардаг учраас хүүхэд төрүүлбэл амьдрахад хэцүү. Дээр нь сургууль, цэцэрлэгт зөөгөөд ажил хийх боломжгүй. Хэрэв хүүхэд төрүүлэхийг сонговол хосуудын нэг нь ажлаасаа гарах шаардлагатай болж байна" гэж нэгэн ярилцлагадаа хэлж байв.