Зураг
Зураг
Индэр    
2022 оны 3 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Оюун-Эрдэнэ: Залуус гэрлэлтэд сэтгэл хөдлөлөөр хандах биш, хариуцлага гэж хардаг болох ёстой

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Хариуцлагатай, тогтвортой гэр бүл нийгмийн үнэт зүйл - 

Олон асуудлын учир шалтгаан эцэстээ гэр бүл дээр л тулж очдог. Ирээдүйн иргэд тэнд л бэлтгэгдэж байдаг учраас тэр. Гэр бүл тайван, тогтвортой байвал нийгэм ч мөн тийм байна гэсэн үг. Иймд гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа гэх мэтчилэн гэр бүлийг тойрсон асуудлыг бид цувралаар хөндөх юм.

Үүний эхлэл болгож гэр бүл төлөвлөлтийн талаар Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

- Урилгыг маань хүлээн авч ярилцаж байгаад талархаж байна. Хоёулаа нийгмийн чухал асуудал болоод буй гэр бүл төлөвлөлтийн талаар ярилцах болно. Ингэхийн тулд эхлээд гэр бүл гэж яг юу вэ гэдгийг тодорхойлцгооё?

- Монгол Улсын төрөөс Гэр бүлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2003 онд баталсан. Одоогоор шинэчлэгдээгүй. Уг баримт бичигт 

“Гэр бүл нь хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж, соёл, ёс уламжлалыг өвлүүлэн шинэчилж байдаг бичил ёсны үнэт ахуй юм” гэж заасан байдаг.

Энэ тодорхойлолтоос үзвэл гэр бүл нь нийгмийн маш чухал институц гэдэг нь харагдаж байгаа юм. Энгийнээр бол аав, ээж, үр хүүхдийг гэр бүл гэж ойлгодог. Гэвч гэр бүлд сэтгэл зүйн, жендэрийн, эдийн засгийн, хууль зүйн, ёс суртахууны, оюун санааны гээд маш олон төрлийн харилцаа явагдаж байдаг. Үүн дээр нийгмийн олон асуудал суурилж үүсдэг.

Өнөөдөр залуусын ихэнх нь гэрлэлтийг хүний жам ёсны хэрэгцээ гэж ойлгодог. Хэн нэгэнд дурлаж, хайртай болсон бол хамт амьдрах нь гарцаагүй зүйл гэж боддог. Ингэж сэтгэл хөдлөлийн талаас нь ойлгомооргүй байгаа юм. Үүнээсээ болоод олон алдаа гаргаж байна. 

Гэр бүлийн амьдралыг эрүүл тогтвортой, нийгмийн чухал үнэт зүйл байлгахын тулд залуучуудын гэрлэлтэд хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Залуус гэрлэлтийг үүрэг хариуцлага гэж хардаг байх хэрэгтэй.

Ганцаараа байхдаа эрх нь илүү байдаг бол хоёулаа, гурвуулаа гээд олуулаа болохоор хариуцлага нь нэмэгддэг тул өөрийнхөө, гэр бүлийн гишүүдийнхээ болон нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай болсон тохиолдолд гэрлэнэ гэж боддог байх ёстой юм. Түүнээс биш сэтгэл хөдлөлдөө автаад, жам ёсны зүйл гэж бодоод байхаар хариуцлагад өөрийгөө бэлтгэх тал нь бүдгэрээд байна. 

Элсэж нийлчхээд дараа нь орхиод гараад явж болдог нийгмийн бүлгүүдээс ялгаатай нь гэвэл гэр бүлийн гишүүнчлэлд өөрчлөгдөх хувирамтгай чанар байдаггүй. Хэн нэгэн гишүүн тухайн гэр бүлийг орхиод явлаа ч мөн чанар нь өөрчлөгддөггүй.

- Залуус төлөвлөгөөтэй амьдрахыг илүүд үзэх болсон. Гэвч таны хэлснээр гэр бүл болоход сэтгэл хөдлөлөөр хандах нь бий. Тэгвэл гэр бүлээ яаж төлөвлөх ёстой юм бэ?

- Энэ бол өргөн хүрээтэй асуудал.

Гэр бүл төлөвлөлт гэдэг бол хосууд өөрсдийн нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, боловсролын байдалдаа тохируулан хүүхэд хоорондын зайгаа зохистой тохируулахыг хэлж байгаа юм. Хамгийн энгийнээр хэлбэл ухамсартайгаар эцэг, эх болохыг хэлдэг. 

Төлөвлөж гэрлэнэ гэдэг бол гэр бүлийн амьдрал, цаашлаад хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, түүнийг хэрхэн биелүүлж чадах вэ? гэдэг чадамжаа тодорхойлж, тооцоолохыг хэлнэ. Залуус эхнэр нөхөр, аав, ээж болоход сэтгэл зүйгээ бэлтгэхээс гадна хүүхдээ эрүүл өсгөхөд наад захын хэрэгцээт зүйлээр хангаж чадах уу гэдгээ тодорхойлох учиртай.

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэнд, иргэний боловсролын хичээл орж байгаа боловч тухайлсан бэлтгэгдсэн багш байхгүйгээс үүдэн чанар нь доогуур байгаа гэж хардаг. Олон залуус анхны хүүхэд төрүүлэх, дараагийн хүүхэд хоорондын зайгаа зохицуулахыг хүсдэг ч гэр бүл төлөвлөлтийн аргыг мэдэхгүй байх, хүртээмжгүй байх зэргээс шалтгаалж чадахгүй байна.

Энэ байдал үр хөндөлтийн тоо, насанд хүрээгүй ээж болж байгаа охид, нэн ядуу өрхийн хүүхдийн тоо зэргээс харагддаг. Гэр бүл төлөвлөлтийн арга бол жирэмслэлтээс сэргийлэх арга юм. Энэ талын мэдээллээр хангах үүргийг эрүүл мэндийн байгууллага хүлээдэг. Хамгийн анхан шатных нь өрхийн эрүүл мэндийн төв юм. 

Хэн нэгэн гишүүн тухайн гэр бүлийг орхиод явлаа ч мөн чанар нь өөрчлөгддөггүй.

Гэвч өнөөдөр Монгол Улсад эмэгтэйчүүдийн аж байдал, амьдралын чанарын ялгаатай байдлаас болоод хүртээмжтэй, чанартай жигд байх асуудал тулгамдаж байгаа. Тухайлбал, малчин эмэгтэйчүүд, хотын төвөөс алслагдсан бүсэд амьдарч буй эмэгтэйчүүдийн хувьд мэдээлэл, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байна. 

-2016 онд гэр бүл төлөвлөлтийн талаарх суурь судалгааг НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэндийн яам хамтран хийсэн байсан. Түүнд жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглэх нь цөөн, ойлголт мэдээлэл нь дулимаг байх шиг санагдсан. Тэр үеэс хойш зургаан жилийн хугацаанд байдал дээрдсэн үү?

-2016 оноос хойш нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй. Эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлтийн аргуудын талаарх мэдлэг харилцан адилгүй. Тухайлбал, эм, тариа, хуанли хөтлөх, ерөндөг тавиулах гэх мэтчилэн олон арга бий. Эдгээрээс тухайн эмэгтэй өөрийн бие, насны онцлогт тохируулан үйлчилгээ авах хүртээмж бага байгаа нь төлөвлөлтгүй жирэмслэлтэд хүргэж байна. 

Жирэмслэхээс сэргийлэх аргын ач тус маш их.

  • Эрсдэл ихтэй жирэмслэлтээс зайлсхийж чадах учраас эх, хүүхэд эрүүл байна
  • Хүүхэдтэй болохоо хойшлуулах нь залуу хосууд бүрэн боловсролтой болж чадна
  • Хүсээгүй жирэмслэлтээс хамгаална
  • Зарим нэг арга хэрэгсэл нь БЗХӨ, ДОХ-оос сэргийлнэ 
  • Жирэмслэхээс сэргийлэх аргаас өөрт тохирох аргыг хэрэглэснээр  хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө хамгаалж чадна.
  • Үр хөндөлт бол жирэмслэхээс сэргийлэх арга биш.
  • Хүн бүхэнд тохирох жирэмслэхээс сэргийлэх арга бий.

Гэр бүл төлөвлөлтөд зөвхөн эмэгтэй хүн анхаарал хандуулах биш эрчүүд илүү анхаарах хэрэгтэй байна. Залуус гэр бүл төлөвлөлт дээр алдах нь бага бол үр хөндөлт болон насанд хүрээгүй эхчүүдийн тоо буурах юм.

Судлаачийн хувьд эдгээр асуудлаас гарах арга замыг дараах байдлаар тодорхойлж байна. 2004, 2010, 2018 онд гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, хэв маягийн суурь судалгааны зөвлөхөөр би ажилласан. Үүнээс үзэхэд, 

Нэгдүгээрт, Монгол Улсад гэр бүлийн боловсрол олгох тогтолцоо бүрдээгүй. Өсвөр насныхан болон залууст гэр бүлийн боловсрол олгох нь нэн чухал байна.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Ялангуяа нөхөн үржихүйн, гэр бүл төлөвлөлтийн талаар боловсрол олгох, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын үйл ажиллагааг өргөжүүлэх. Зориод ирсэн хүнд оношилгоо, үйлчилгээ үзүүлэхээс гадна урьдчилан сэргийлэх боловсрол олгох, мэдээлэл түгээх чиглэлээ илүү хөгжүүлэх хэрэгтэй байна.

Гуравдугаарт, Монгол Улс хүн ам зүйн талаар баримталж буй бодлогоо тодорхой болгох ёстой. Одоо бол Эхийн алдар одон гардуулах, хүүхдийн мөнгө өгөх гэх зэрэг нь төрөлтийг дэмжээд байгаа мэт боловч, нөгөө талаас нь харвал эдгээр нь бодит дэмжлэг болж чадахгүй байгаа. 

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй, хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжийн хөдөлмөрийг үнэлдэггүй. Сар бүр 50,000 төгрөг өгдөг нь бодит дэмжлэг биш. 

Эмэгтэй хүний хүүхэд төрүүлэх үйл явцыг нийгмийн өмнө хүлээсэн үүрэг нөхөн үржихүйн үүрэг гэж үздэг. Гэтэл үүргээ биелүүлснийхээ төлөө ажил хийх, орлоготой байх, сурч боловсрох эрхээ хязгаарлуулж болохгүй. Төрөлтийг дэмжиж байгаа бол бодит дэмжлэг үзүүлэх, хэрэв дэмжихгүй байвал жирэмслэлтээс хамгаалах аргуудыг хүртээмжтэй, төлбөргүй болгох ёстой. 

Төрөлтийг дэмжиж байгаа бол бодит дэмжлэг үзүүлэх, хэрэв дэмжихгүй байвал жирэмслэлтээс хамгаалах аргуудыг хүртээмжтэй, төлбөргүй болгох ёстой

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь илүү тусдаа, эрчүүдийн эрхээс давуу том зүйл огт биш. Гол нь эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө, нөхөн үржихүйн үүргээ биелүүлснийхээ төлөө эрх нь зөрчигдөж байгаа учраас л эмэгтэйчүүдийн эрх гэж тухайлж яриад байгаа юм. Өнөөгийн нийгэм эх, хүүхдэд хамгийн ээлгүй тогтолцоог бий болгосон. Ажил хийж буй эмэгтэйчүүд цөөн хүүхэд төрүүлж байна.

Учир нь цалингаараа амьдардаг учраас хүүхэд төрүүлбэл амьдрахад хэцүү. Дээр нь сургууль, цэцэрлэгт зөөгөөд ажил хийх боломжгүй. Хэрэв хүүхэд гэдэг сонголт хийвэл хосуудын нэг нь ажлаасаа гарах шаардлагатай болж байна.

 

Үргэлжлэл бий...



Монгол Улс дахь гэр бүл төлөвлөлтийн чанарын судалгааг анх 2016 онд Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүн амын сангаас хийж, танилцуулж байв.

Судалгаанаас үр дүнгээс онцолбол, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн хүртээмж хотод хөдөөгийнхийг бодвол их ч хэрэглээ урвуугаараа байжээ. Мөн өндөр орлого бүхий өрхийн эмэгтэйчүүдийн дунд дээрхийн талаарх мэдлэг хамгийн өндөр ч хэрэглээ нь хамгийн бага байжээ. 

Олон улсын туршлагаас үзэхэд 2012 оны байдлаар гэр бүл эсвэл хамтран амьдрагчтай хоёр эмэгтэй тутмын нэг нь гэр бүл төлөвлөлтийн арга хэрэглэж байв. Харин манай улсын хувьд Зүүн азийн орнуудаас харьцангуй доогуур бөгөөд Казахстан, Вьетнам зэрэг оронтой ойролцоо түвшин буюу 24 хувь байсан талаар судалгааны тайланд дурджээ. 

Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ гэдэг нь гэр бүл эсвэл хамтран амьдрагчтай нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээ зогсоох эсвэл хойшлуулах хүсэлтэй боловч ямар нэг сэргийлэх арга хэрэглэхгүй байхыг хэлдэг аж. 2013 оны Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгаанд дурдсанаар нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 16 хувь нь гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээтэй байв.