Индэр    
Ч.Батхуяг: Олон улсын фестиваль зохион байгуулж, жуулчид татах гэж байгаа бол ядаж зургаан сарын өмнө товоо зарлах хэрэгтэй
Зураг
2025 оны 3 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ч.Батхуяг: Олон улсын фестиваль зохион байгуулж, жуулчид татах гэж байгаа бол ядаж зургаан сарын өмнө товоо зарлах хэрэгтэй

зураг
 

2024 онд манай улсад гадаадаас 808,956 жуулчин ирж, аялжээ. 

Тэд Монгол Улсад нийтдээ 597.3 сая ам.долларын орлого оруулсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлсэн.

Жуулчдыг ирсэн улсаар нь харвал Хятадаас 221,250, Оросоос 215,467 хүн иржээ. Харин гуравдугаарт эрэмбэлэгдэж буй солонгос жуулчдын тоо тэдэнтэй бараг дүйхүйц байгааг онцлууштай.

График,

Сүүлийн үед манай улсад олноороо аялж, шинэ содон контентууд гаргаж, нэг талаараа Монголыг сурталчлахад ихээхэн нөлөө үзүүлж буй солонгос жуулчдын аяллын чиглэл жил бүр өөрчлөгдөж байгааг Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо(МОКТА)-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Батхуяг яриандаа онцолж байв. 

Тухайлбал өмнө нь хоттой ойр байгалийн дурсгалт газруудаар зочилж, говь нутгаар аялдаг байсан бол өнгөрсөн жил Хөвсгөл рүү олноороо аялжээ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хөвсгөл аймагт зуны төдийгүй өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, зах зээл бийг МОКТА-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Батхуяг олж харж, энэ өвөл шинэ маршрут гарган солонгос жуулчдыг аялуулж эхэлсэн байна. 

Өвлийн аялал жуулчлалын улиралд Хөвсгөлд очсон солонгосчуудын тал хувь нь Зүүн тайгаар аялж, цаатан өрхийн амьдралын хэв маяг, соёл заншилтай танилцахын зэрэгцээ цаа буга унах, гар урлалын бүтээл худалдан авч, иргэдэд орлого оруулжээ.

Шинээр нээгдсэн өвлийн аяллын чиглэл болон аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц шийдлийн талаар Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо(МОКТА)-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Батхуягтай ярилцсанаа хүргэе.

- Манай улс аялал жуулчлалын салбараа тогтвортой үйл ажиллагаатай байлгахын тулд өвлийн аялалд анхаарах хэрэгтэй байгааг та өмнө нь өгч байсан ярилцлагадаа хэлж байсан. Харин энэ жил өөрөө манлайлан шинэ чиглэл гаргасан байна. Ярилцлагаа энэ талаар эхлүүлье. Өвлийн аяллаар ирсэн жуулчдаа байршуулах газар тун ховор гэдгээс асуудал эхлэх байх. Тулгарсан бэрхшээл байв уу?

- Өнгөрсөн онд 200,000 орчим солонгос жуулчин ирлээ. Өвлийн аялал нэмэгдэж байна. Энэ жилийн өвлийн аяллын чиглэл нь Хөвсгөл байсан. Ер нь өмнөх жилүүдэд говийн аймгууд руу их аялдаг байсан бол одоо Хөвсгөлийг зорьж байна. Мөн чөлөөт аяллаар залуус их ирж, Төвийн болон Хөвсгөлийн аяллыг их сонгож байв.

Аяллын чиглэл өөрчлөгдөж байгаа нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд голчлон телевизийн нэвтрүүлэг, аялсан хүмүүсийн сэтгэгдэл их нөлөөлдөг.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай гурван зүйл байгаа нь 

  • дэд бүтэц
  • байршуулах хэрэгсэл
  • жуулчид хийх боломжтой олон төрлийн үйл ажиллагаа.

Энэ гурав байх юм бол аяллын компаниуд маршрут гаргаад, аяллын бүтээгдэхүүнээ гаргах боломжтой. 

Жишээлбэл энэ жил Элсэн тасархайд Бичигт хад, Цэнхэрийн халуун рашаан дээр Дуут ресорт, Өгий нуурын ойролцоо Өгий далай гэж буудал, Хөвсгөлд Тойлогт жуулчны бааз дөрвөн улиралд ажиллаж байна. Ийм байхад бид Элсэн тасархай, Цэнхэр, Өгий гээд гурван шөнө, дөрвөн өдрийн маршрут гаргаж болж байгаа юм.

БНСУ бараг 60 сая хүн амтай. Аялах боломжтой хүмүүс нь 30 сая. Бид үүний нэг хувийг ч авч чадаагүй байж хоорондоо өрсөлдөх шаардлагагүй

Жуулчид өвөлдөө зуныг бодвол арай богино буюу гурван шөнө, дөрвөн өдөр, заримдаа зургаан өдөр, таван шөнө гэх мэтчилэн хугацаатай ирдэг. Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч компаниуд бол баазуудаа л түшиглэж маршрутаа гаргадаг. Жуулчид хол зам туулаад очиход дулаахан орон байртай, халуун хоол гаргадаг, усанд орох боломжтой байх хэрэгтэй. Өвөл өдөртөө -20, шөнөдөө -30 градус давж хүйтрэх учраас амрах газрын тав тух маш чухал.

Нэмээд жуулчдын сонирхлыг татах тоглоом, хөгжөөнт үйл ажиллагаа. Хөлдсөн нуур дээгүүр гулгах, өвлийн хүйтэнд халуун рашаанд орох нь содон сайхан мэдрэмж өгч чаддаг. Энэ мэтчилэн очсон газартаа хийх сонирхолтой зүйлс их чухал. 

"Солонгос жуулчдын Улаанбаатар хотоос 1,000 гаруй км явж тайгад очих шалтгаан бол ерөөсөө л цаа буга"

- Хөвсгөлд аялсан жуулчдын сэтгэл ханамж хэр байсан бэ?

- 2023 оны хоёрдугаар сарын сүүлээр Хөвсгөлийн Зүүн тайгад "Цаатан" фестиваль болсон. Энэ үед Солонгосын аялал жуулчлалын компаниудын захирлыг дагуулаад очсон юм. Тухайн үед Хөвсгөлийн мөсний баярт оролцуулж, Ханх сум, Жаргантын голыг үзүүлээд Зүүн тайга очиж цаатан фестивалийг сонирхуулсан. Эндээс л энэ маршрутыг гаргах санаа төрж байлаа. 

Дараа жил нь буюу 2024 онд хоёр баг аваад энэ чиглэлээр явсан. Энэ жил жуулчдын тоо илүү нэмэгдсэн байна. Тайгад өвөл солонгос жуулчид ирдэггүй, зундаа европчууд их ирдэг байсан юм байна лээ. Хоёр жилийн өмнөөс солонгос жуулчид нэмэгдсэн гэдгийг Зүүн тайгынхан хэлж байсан. Үр дүнд нь иргэд дөрвөн улирлын турш орлого олох боломжтой болж байна.

зураг
 

Жуулчид хоноглоно, цаа буга төлбөртэй унах, хамт зургаа авхуулна, цаатнуудын хийсэн гар урлалын бүтээлийг худалдан авна гэх мэтээр орлого оруулдаг. Энэ өвлийн аяллын хугацаанд буюу 2024 оны арванхоёрдугаар сараас 2025 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл Зүүн тайгад Солонгосын зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй компанийн 150 орчим солонгос жуулчин очсон байна. Дийлэнх нь тэндээ хонодог. Тайгад био суултуур бий ч тог, халаалт байхгүй, ундны усны хэрэглээ хязгаарлагдмал учраас хонолгүйгээр өдөртөө буцдаг жуулчид ч бий.

Хөвсгөл нуурын баруун эрэгт Тойлогт бааз өвөлжин ажилласан. Энэ хугацаанд солонгос зах зээлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компанийн 350-400 гаруй жуулчин буудалласан байгаа. Тэгэхээр Хөвсгөлийг зорьсон солонгос жуулчдын тал хувь нь тайга руу явдаг нь эндээс харагдаж байгаа юм.

Хатгалаас Зүүн Тайга хүртэл 180 км, Жаргантын гол 110 км зайтай. Тайга руу явахын тулд далайгаас цааш 180 км явдаг. Өндөр даваа давна, халиа ихтэй, цас туулна гээд бартаатай. Гэхдээ л солонгос жуулчдын тал нь тайга руу явдаг.

Улаанбаатар хотоос 1,000 гаруй км явж Тайгад очих шалтгаан бол ерөөсөө л цаа буга. Цаа бугаа тэжээж, идээшлүүлэхийн тулд тайгад амьдарч буй цөөхүүл үндэстний амьдралын хэв маяг, зан заншил тэдний сонирхлыг их татдаг. Цаа буга маш цөөн газарт бий. Солонгос улсад байдаггүй амьтан шүү дээ.
зураг
 

- Аялагчдын аюулгүй байдал бол эн тэргүүнд тавигдана. Машин техник хэрэгсэл чухал. Үүнийг хэрхэн шийддэг вэ. Төөрөх ч эрсдэл байгаа?

- Тайгын аялал бол эрсдэл өндөртэй. Бид замаа сайн мэддэг, туршлагатай орон нутгийн жолооч нартай хамтардаг. Нууранд хар, цагаан хил үүсдэг. Мөсөн дээгүүр явах нь тун бэрх зүйл учраас нутгийн жолооч нартай хамтарч ажилладаг. Энэ жил цас өмнөх жилүүдээс бага орсон учраас замын нөхцөл харьцангуй боломжийн байлаа.

Аяллын маршрутыг тур операторууд л хийдэг. Ингэхдээ замаа, тухайн газрынхаа онцлогийг сайн мэддэг, өөрөө очиж үзсэн байх хэрэгтэй. Зарим компани бусдын гаргасан маршрутыг хуулаад авчихдаг. Өөрөө ч очиж үзээгүй байж жолооч хөтөч хөлслөөд жуулчин явуулах зүйл хэзээ ч байж болохгүй. 

Компани өөрөө явж судлаад маршрутаа гаргаад аяллын бүтээгдэхүүнээ гаргах ёстой. Тиймээс ч бид FamTour хийдэг. Өмнө нь Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын газартай хамтран Хэрмэн цав руу, Хэнтий, Хөвсгөлд хийж байсан. FamTour бол аялал жуулчлалын компаниудын захирал, менежерүүдийг дагуулж явж, нутаг оронтой танилцуулдаг аялал юм л даа. Ийм аялалд явснаараа тэр хүмүүс бүгдийг нь мэдэж аваад маршрутаа гаргадаг. Мэдээлэл хүргэхийн тулд өөрсдөө явж үзэж судлах хэрэгтэй

- Солонгос киноны зураг авалт хийгдсэн газруудад жуулчид очих нь их байх шиг санагдлаа. Жишээ нь "Харбин" киноны зургийг авсан Хөвсгөлд энэ жил жуулчид их очсон нь санамсаргүй давхцал биш байх?

- Тийм. "Харбин" киноны зарим хэсгийг Хөвсгөлд авсан. "Өмнөдийг зорих замд" киноны зураг авалтыг говьд хийсэн. Кино уран бүтээл, контентууд бол жуулчдыг татах гол суваг мөн. Үүнийг Монголын дотоодын компаниуд маркетингтаа ашигладаг. 

Юүтүбийн влоггерууд ирж шинэ содон контент бүтээж байна. Дагагчаа нэмэхийн тулд хийж буй тэдний бүтээл нь бидний хувьд жуулчдыг татахад чухал нөлөөтэй. 

- Жуулчдын тухай нэг нийтлэлийн дор хөдөөний айлын сайхан сэтгэлийг далимдуулж хоолоор дайлуулж, хонуулаад явуулчихдаг гэсэн утгатай сэтгэгдэл бичсэн байсан нь нүдэнд туссан. Энэ байдал хэр өөрчлөгдсөн бэ. Товчхондоо тур оператор компаниуд орон нутагт орлого оруулахад ямар хүчин зүтгэл гаргадаг вэ?

- Юм өөрчлөгдөж байна. Гадаадад очиход тухайн улсын хүмүүс нь жуулчдаас яаж илүү их орлого олох вэ гэдэгт анхаарч, шинэ содон зүйлс сэтгэдэг шүү дээ. Бид ч гэсэн тэгж ажилладаг. Орлогыг аль болох хүртээмжтэй байлгах нь чухал.

Нэг буудалд л буулгах, нэг дэлгүүрт л оруулаад байх биш. 21 аймаг 330 сум байна шүү дээ, энэ бүрд очиж, сумын төвийн дэлгүүрээс хүнс авах, колонкоос бензин авах, малчин өрх, амралтын газарт хооллох гэх мэтээр бүх л түвшинд орлогыг жигд тархаах сонирхолтой. 

Аялал жуулчлалын эргэлтэд ороогүй бүс нутагт шинэ чиглэлийг нээж хөгжүүлэхээр хичээж ажилладаг

Солонгос жуулчдыг солонгос хоолны газарт л орж, солонгос эзэнтэй буудалд л буудалладаг гэх зэрэг яриа бол үндэслэл багатай санагддаг. Дотоодын компаниуд тэгж ажилладаггүй. Холбооны гишүүн байгууллагууд эх орондоо яаж илүү их орлого оруулах вэ, хэрхэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх вэ, яаж урт удаан хугацаанд ажиллах вэ гэдгээ л боддог. Энэ бол ойлголтын зөрүүтэй байдал. Тиймээс ч аялал жуулчлалын эргэлтэд ороогүй бүс нутагт шинэ чиглэлийг нээж хөгжүүлэхээр хичээж ажилладаг. Ингэхэд FamTour чухал. Эхлээд тур оператор компанийнхан нь өөрсдөө очиж үзэж мэдрэх нь зөв байдаг.

- Солонгос жуулчид дунджаар хэдэн ам.долларын орлого оруулдаг вэ?

- Нэг машинд хэдэн хүн суухаас шалтгаалаад 1,000 орчим ам.доллар. Үүнд онгоцны тасалбар, худалдан авалт ороогүй дүн. Жуулчид идэж уух, бэлэг дурсгалын зүйлс авах дүн харилцан адилгүй.

"Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дөрвөн улирлын турш ажиллах бааз хэрэгтэй. Зах зээл бол бий"

зураг
 

- Гадаадад очиход тухайн улсын онцлогийг харуулах зоогийн газрууд их байдаг. Энэ улсад ирсэн л бол ийм газарт заавал орж үзэх ёстой гэсэн жагсаалтаа гаргачихсан байдаг. Гэтэл манай улсад тийм газар ховор байх шиг. Монгол хоол идүүлмээр байвч сонголт хомс гэдэгтэй та санал нийлэх үү?

- Үндэсний хоолоор үйлчилдэг цөөн газар бий. Зарим нь бидний шаардлагыг хангадаггүй, эсвэл өөрсдөө ачааллаа дийлдэггүй зэрэг асуудалтай. Гэтэл зарим нь тэнгэрийн гэмээр үнэтэй.

Цэвэрхэн, дундаж үнэтэй монгол хоолны газар хэрэгтэй байдаг

Ямар ч бизнес эрэлт нийлүүлэлтэд тулгуурладаг. Аялал жуулчлалыг эрсдэл ихтэй гээд хүмүүс цааргалах нь бий. Зундаа ирээд л бусад үед жуулчингүй учраас гээд амралтын газрууд үйлчилгээгээ тогтмол явуулах нь ховор. Тур оператор компаниудтай амралтын газар, баазууд хамтдаа ярилцаж тохиролцоод ажилламаар байгаа юм.

Намар болсон "Travel Show" үзэсгэлэнд 30,000 гаруй хүн ирсэн. Тэдний 1/3 нь Монголыг сонирхон, аяллын талаар мэдээлэл авсан

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дөрвөн улирлын турш ажиллах бааз хэрэгтэй. Тэгвэл тур операторууд маршрутаа гаргаад жуулчдаа авах боломжтой. Зах зээл бол байна. 

- Солонгост Монголыг сурталчлах өдөрлөг, арга хэмжээ хэр үр дүнтэй байдаг вэ?

- МОКТА холбооноос жилд хоёр удаа үзэсгэлэн зохион байгуулдаг. Жил бүрийн 5-6 дугаар сард эхний үзэсгэлэн болно. Энэ жилийн зургаадугаар сард болох үзэсгэлэнг салбарын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулна. Харин намрын үзэсгэлэнг МОКТА холбоо өөрөө хариуцан зохион байгуулдаг.

Үзэсгэлэн зохион байгуулахад оролцогч ихтэй. Жишээлбэл өнгөрсөн намар болсон "Travel Show" үзэсгэлэнд 30,000 гаруй хүн ирсэн. Түүний 1/3 нь Монголыг сонирхож, аяллын талаар мэдээлэл авсан. 2023 оны намар мөн "Travel Show" үзэсгэлэн зочин улсаар оролцохдоо монгол аж ахуйн нэгжүүд өөрсдийн компаниа биш улсаа сурталчилж, нэгдэж ажилласан. Маш үр дүнтэй болсон. Солонгосын зах зээлд ажилладаг монгол компаниуд өөрсдийгөө биш улсаа сурталчилж, жуулчдаа татсан.

- Нислэг, зочид буудал, үзвэр гээд аяллын бүх төрлийн үйлчилгээг нэгтгэсэн томоохон платформууд дээр улс орнууд өөрсдийн сурталчилгааг их байршуулдаг. Үүн шиг монгол компаниуд үзэсгэлэнгээс гадна улсаа ямар сувгаар сурталчилж байна вэ?

- Солонгосын өөрийн аяллын бүтээгдэхүүн борлуулдаг платформууд бий. Түүнд нь монгол компаниуд бүртгүүлэн сурталчилгаагаа явуулдаг. Мөн солонгосын компаниудтай хамтран ажилладаг. Сувгууд бол бий. 

- Таны ярианаас ажиглахад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд нэгдэж ажиллах нь чухал байх нь?

- Тур операторууд өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй ч БНСУ бараг 60 сая хүн амтай. Аялах боломжтой хүмүүс 30 сая. Бид үүний нэг хувийг ч авч чадаагүй байж хоорондоо өрсөлдөх шаардлагагүй. Маш том зах зээл. Хоорондоо биш хамтраад тэр аялах боломжтой 30 сая хүнээс аль болох олон хүнийг авчрах гэдэгт л ажиллах ёстой. 

Үнэнийг хэлэхэд ам.долларын ханш өссөнөөр манай аяллын үнэд ч нөлөөлж байгаа. Аяллын үнэ нэмэгдэх нь сөрөг нөлөөтэй. Дагаад бүх зардал өснө. Монголчуудын нэг сөрөг хандлага нь тогтвортой байдалд анхаарах биш богино хугацаанд их ашиг олох гэдэг. Зуны гурван сард үнэтэй зараад, бусад сард нь хоосон суучихдаг. 

Мөн өөр нэг хэлэх шүүмжлэлтэй зүйл нь арга хэмжээ зохион байгуулах хугацаагаа маш тулгаж зарлаж байна. Жишээлбэл "Хөх сувд" мөсний баяр олон улсын фестиваль гэсэн байгаа юм. Хэрэв олон улсын арга хэмжээ зохион байгуулж, олон улсын жуулчныг авчрах гэж байгаа бол товоо багадаа зургаан сарын өмнө зарлах ёстой. 

Маш тулгаж товоо зарласнаас жуулчид ирэх боломж хязгаарлагдсан. Өмнө нь гурав хоногт болдог байсныг 10 болгосныг дэмжиж байгаа. Энэ нь зөв. Гол нь эрт зарлах хэрэгтэй. Багадаа зургаан сарын өмнө зарлачихвал авиа компаниудтайгаа тохиролцоод нислэгтэй аялал зохион байгуулж болно. 

Сайн жишиг бас бий. Тэмээний баярыг жилийн өмнө товлоод зарладаг. Бүх юм нь тодорхой. Үүн шиг эрт зарладаг болмоор байгаа. 



Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой ч дэд бүтцээс шалтгаалсан асуудал их. Тухайлбал өвлийн улиралд ажиллаж буй жуулчны баазуудад цахилгааны үнэ хэт өндөр гарах, техник хэрэгсэл нь хөлдөх, хүний нөөц гээд асуудал гарч буйг аялал жуулчлалын компаниуд учирлаж байв. 

Хэрэв өвлийн аяллыг хөгжүүлж чадвал жилийн дөрвөн улиралд жуулчид хүлээн авах боломжтой болж энэ салбар тогтвортой ажиллагаатай байхад дэмтэй билээ. Үүнийг дагаж олон салбарын ашиг орлого нэмэгдэх учиртай. Иймд бизнесийн байгууллагууд хоорондоо хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцдаг, шийдлээ олох нь зөв юм.

Ташрамд дурдахад аялал жуулчлалын салбарынхан зэрлэг ан амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээ авах, цэвэрлэгээ зохион байгуулах, мал амьтанд тэжээл өгөх зэргээр сайн үйлсийн аян зохион байгуулдаг байна. Тухайлбал энэ оны эхээр 1,000 гаруй км зам туулан цаа бугын ашигт долооцыг Зүүн тайгад хүргэж өгчээ. Тэд энэ салбарт ажиллаж орлого олж буйн хувьд байгаль орчноо хайрлан хүндлэх монгол ёс заншлаа аялагчдадаа таниулан ажилладаг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] Өчигдөр 3 цаг 30 минут
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you can reach them via Email:DataForensicscyberservicesATprotonmailDOTcom WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Rebecca Brooklyn [197.155.73.19] Өчигдөр 2 цаг 58 минут
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you can reach them via Email:DataForensicscyberservicesATprotonmailDOTcom WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.56] 2025/3/28
Энэ зурган дээр байгаа юу гэдэг газар вэ?
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.56] 2025/3/28
Энэ зэрган дээр байгаа юу гэдэг газар вэ?
0 | 0 Хариулах
Зочин [203.127.30.72] 2025/3/27
аялал жуулчлалын яам нь ийм зохион байгуулалтанд л гол анхаарлаа хандуулаач, шал дэмий баахан амьтан ажиллуулаад тэд нь яг юу ч хийдэг юм
7 | 0 Хариулах
irgen [202.9.46.52] 2025/3/27
Nomin said ni baahan influenceruuded mungu tuluh ajil hiilgedeg biz, bas uuriinhuu naiziig yamnii zardal 40sayaar zugaaluuldag
0 | 0 Хариулах
иргэн [202.9.46.52] 2025/3/27
2-3 жилийн өмнөөс зарлах хэрэгтэй. жуулчид аялалаа эртнээс төлөвлөдөг тул , жуулчлалын хөтөлбөрт нь багтаах ёстой. Тэд бидэн шиг цагийг нь тулгадаггүй.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.176.189] 2025/3/27
хувь хүний ажлаа төлөвлөх, мөн нислэгэээ эрт захиалах нь ашигтай гэх мэтийг харгалзан үзэж эртнээс төлөвлөөд гал түймэр гамшиг болохгүй л бол тэр цаг амлалтаа барих хэрэгтэй.
3 | 0 Хариулах