Чимээгүй байх нь заримдаа зөвддөг байж болох ч хэдэн мянган хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа үед салбарын сайд нь таг дуугүй байх нь дэндүү зохимжгүй санагдав.
2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлээд 10 гаруйхан хонож байна. Ингэхэд бүлэг дүүргэлтийн ачааллаас үүдэн бүгчим ангид 50-60 хүүхэд хичээллэх, хоёр сандал дээр гурвуулаа суух, цахимаар хичээллэх гээд олон асуудал эцэг эх, асран хамгаалагчид болон багш ажилтнуудыг бухимдуулж байгаа. Нэмээд сурах бичгийн хүртээмж ч хөндөгдсөөр. Багш нар гүйцэтгэлийн үнэлгээний хариугаа хүлээж, цалин нэмэхийг шаардсаар. Гэтэл Боловсролын сайд П.Наранбаяр чимээгүй байсаар л.
Хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж салбарын өмнөх сайд нар нь барилгын ажлуудтай танилцаж, сургууль, цэцэрлэгт тулгамдаж буй асуудлуудыг судлан газар дээр нь ажиллах, ямар хариу арга хэмжээ авч байгаа талаараа хурал хийж, ядаж л цахим хуудсаараа мэдээлдэг байв. Гэтэл одоогийн сайд амаа үдсэн мэт байна.
Боловсролын Яамнаас асуулт асуухад ихэнхдээ хэрэгжүүлэгч агентлаг учраас Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас асуу гэдэг болов. Уг нь бодлогоо тодорхойлж, салбарыг удирддаг гол байгууллага учир зарим асуудалд яамны байр суурь чухал байдаг. Гэтэл өөрсдөөсөө холдуулдаг нь хэрээс хэтэрлээ.
Өчигдөрхөн Боловсролын Яаманд зохион байгуулагдсан арга хэмжээний дараа сайд П.Наранбаяраас салбарын үйл ажиллагаатай холбоотой асуулт асуусан болов ч "Хариулахгүй" хэмээгээд өрөөнийхөө хаалгыг тас хаав. Товчхондоо цөөн хэдэн асуултад хариулт авч, байр суурийг нь сонсох гэсэн ч эрхэм сайд шуудхан зугтаасан. Хэвлэлийн албанаас нь Төрийн нарийн бичгийн дарга эсвэл газрын даргаас тодруулах боломжтой эсэхийг лавлахад дахиад л БЕГ руу "түлхэв".
Боловсролын Яам нь
Бүх шатны боловсролын асуудлыг энд ярилцаж, шийдлийг тодорхойлж, ирээдүйн алхмаа тооцоолдог байх учиртай.
Одоо байгаа Боловсролын Яам хэвлэл, олон нийтэд дэндүү хаалттай, нүдээ аниад, амаа үдсэн шинжтэй байгаа нь хамгийн харамсалтай. Хэвлэлийн албанаас нь ихэнх асуултыг БЕГ руу чиглүүлдэг нь ямар учиртайг, яамны ажилтнууд ямар ажил хийж байгааг асуухад "Яамнаас санхүүжилтийг нь шийдэж өгдөг. БЕГ хэрэгжүүлэгч агентлаг нь" гэсэн юм. Хэрэв БЕГ ихэнх ажлаа хариуцаж байгаа бол яаманд тийм олон мэргэжилтэн суух шаардлагатай юу гэх бодол төрж байв.
Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн П.Наранбаяр Боловсролын сайдаар анх томилогдох үед салбарын хүн нь сайд боллоо, хичээл зүтгэлтэй ажиллана байх гэсэн хүлээлт олон хүнд байсан болов уу. Гэвч хүлээлтэд нь хэр нийцэж байгаа эсэхийг хүмүүс дотроо тунгааж буй биз.
Харин нүдэнд ил харагдах байдлаар нь дүгнэхэд түүнд лав онц тавихгүй. Тодорхой ажил, дорвитой шийдэл сайдаар ажиллаж байгаа жил гаруйн хугацаанд анзаарагдсангүй. Салбар толгойлж ажиллана гэдэг сургуулийн захирал байхаас тэс өөр асуудал. Энэ хичээлийн жилд улс даяар 1.3 сая хүүхэд залуус эрдэмд шамдан суралцаж буй. Гэхдээ орчин нөхцөл нь бэрх сургууль олон байна. Үүнд яагаад таг чимээгүй байна вэ, яагаад газар дээр нь очиж ажиллахгүй байна вэ. Сайд бүгдийг мэддэг, яам бүхнийг хариуцаж хариулах ёстой гэсэнгүй. Харин аливаа асуудал яамны байр суурийг илэрхийлдэг, нээлттэй, олон нийтийг сонсдог, үйл ажиллагаандаа саналаас нь тусгадаг байх нь зохимжтой билээ.
Сурагчдыг тухтай орчинд чанартайгаар суралцуулах боломжийн төлөө дуугарахгүй, шийдлээ өөрөө тодорхой хэлэхгүйгээр бусад ажилтан руугаа чиглүүлээд орхиж байгаа нь нэг талын эс үйлдэл мэт байна, сайд аа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!