Индэр    
2025 оны 10 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Анги хоосон, хүүхдүүд гэртээ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бие даалтын долоо хоног дууссанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийнхан өчигдрөөс хичээлдээ явж эхлэх ёстой байлаа. Гэвч тэд өнөөдөр гэртээ, хэзээ хичээлдээ явах нь тодорхойгүй өнжицгөөж байна. Харин хувийн сургууль хэвийн хичээллэцгээнэ. Яг энэ байдлаас төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийнхэнд хичээл сургалтын тэгш бус байдал, ялгаа зааг тодорч буй хэрэг.

Багш нар аравдугаар сарын 16-наас улс даяар ажил хаялтаа албан ёсоор эхлүүлсэн. Тухайн үед есөн аймаг, нийслэлийн 78 сургууль, 160 цэцэрлэг ажил хаясан бол аажимдаа нэмэгдсээр аравдугаар сарын 24-ний байдлаар гэхэд улсын хэмжээнд 596 сургууль, цэцэрлэг, коллежийн нийт 31,740 багш ажилтан ажил хаялтад нэгдсэн. Тэдний тавьж буй шаардлага бол үндсэн цалинг 2026 онд багтаан 3.5 сая төгрөг хүргэх. Харин Боловсролын Яамнаас энэ нь бодит байдалд нийцээгүй, тулган шаардалт гэж байгаа юм. 

Боловсролын сайд П.Наранбаярын тайлбарласнаар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн хэмжээ 32 их наяд төгрөг. Үүнээс урсгал зардал 17 их наяд төгрөг байгаагийн 8.3 их наяд төгрөг нь цалингийн зардал байдаг. Цалингийн зардлын 33.8 хувь буюу 2.8 их наяд төгрөг нь боловсролын салбарын 93 мянган багш ажилтанд зориулагддаг. 

Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийн тулд одоо байгаа цалингийн сан дээр нэмж 3.3 их наяд төгрөг шаардагдана. Нийтдээ 6.1 их наяд төгрөг хэрэг болно гэсэн үг. Цалингийн зардлыг өсгөхөд нэмэлт орлого шаардлагатай, мөн төсөв ДНБ-ий 24 хувиас хэтэрч болохгүй гэдэг хязгаарт ирэх оны төсөв тулсан учраас нэмэгдүүлэх ямар ч боломжгүй гэж сайд П.Наранбаяр хэлж байгаа.

зураг
 

Одоогоор багш нарын үндсэн цалинг 1,484,000 төгрөгөөс эхэлнэ. Үүн дээр таван төрлийн нэмэгдэл хөлс, таван төрлийн нэмэгдэл бодогддог. Гэхдээ нийслэлийн сургуульд шинээр орж буй багшид таван жилийн турш ямар нэг нэмэгдэл, нэмэгдэл хөлс тооцогддоггүй нь залуу багш нарыг ажлаа орхиход хүргэж буй. Түүнчлэн бүлэг дүүргэлтийн ачаалал нь багш нарыг туйлдуулах нэг шалтгаан нь болдог.

2025 оны тавдугаар сарын байдлаар 35-аас дээш хүүхэдтэй бүлгийн тоо нийслэлд 5,311, аймгийн төвүүдэд 2,381, суманд 333, багт гурав буюу нийтдээ 8,028 байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд буй сургуулийн бүлгүүдийн 35 хувь нь 35-аас дээш хүүхэдтэй, норм хэтэрсэн байдалтай.

Хамгийн анхаарал татахуйц нь 35 хүүхэдтэй ангид хичээл заах, 50 хүүхэдтэй ангид хичээл заахаас үл хамаарч багш нар ижил цалин авдаг буюу ачааллын нэмэгдэл гэж авдаггүй. Хэтийдсэн хөдөлмөрт хэтэрхий бага цалингаар ажиллаж байна гэх багш нарын гомдол цөхрөлийг буруутгах аргагүй. Энэ бол олон арван жил багш нараа хаясан, боловсролын салбарт хөрөнгө оруулна гэхийг зөвхөн сургууль, цэцэрлэгийн барилгаар төсөөлж ирсний гор нь өдгөө гарч байгаа л үзэгдэл. 

Төсөв мөнгөний хязгаар ба багш ажилтнуудын цөхрөл дээр хэлэлцээр хийх үүрэг Боловсролын Яаманд оноогдож байна. Сайд П.Наранбаяр "Засгийн газрын хуралдаанаар багш ажилтнуудын цалинг 20 хувь нэмэх эх үүсвэр буюу 509.9 тэрбум төгрөгийн шинээр оруулж ирье гэж байгаа. Ачааллын нэмэгдэлд урсгал зардал дээр нь 100 тэрбум төгрөг суулгасан. Мөн 2026 оны долдугаар сарын 1-нд дахин нэмэлтээр 201 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, цалинг 10 хувь нэмэх боломжтой. Сүүлд Төсвийн Байнгын Хороотой ярилцаж, үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэнэ. Ирэх оны төгсгөлөөр байх уу, 2027 онд байх уу гэж байх уу ярилцаж, тооцоолно. Ингэснээр багшийн үндсэн цалин 70 хувь нэмэгдэж, 2.5 сая төгрөгт хүрэх боломжтой. Үүний төлөө явж байна. Мухардалд оруулах, амьдралаас тасархай шаардлагатай зууралдаж, Монголын боловсролыг барьцаанд оруулж болохгүй. Бодит байдлаа харж, хэлэлцээний ширээний ард сууж, тоонуудаа ярилцъя" гэсэн юм. Одоогоор энэ саналд ямар байр суурьтай байгаагаа Үйлдвэрчний эвлэлээс илэрхийлээгүй байна. 

Арга ядахдаа ажлаа хаяж буй багш нарыг буруутгах ямар ч үндэслэлгүй. Тэд хангалттай хичээж ажилласан, тэвчсэн. Гэхдээ б​​​​агш нарын туйлдлыг улс төр буцалсан эгзэгтэй энэ цаг үед ашиглаж, эрх ашгаа гүйцэлдүүлэх тоглолт ч давхар явж байна гэж харагдахаар. Үүний золиосонд боловсролын салбар, хүүхдүүд өртөж байна. Багш нар хэзээ ямагт сурагчдаа, хүүхдүүдийг бодолцож байгаа нь Бие даалтын долоо хоногтой ажил хаялтаа давхцуулснаас нь харж болно. Магадгүй энэ хугацаанд Засгийн газар дорвитой шийдэл өгнө гэж хүлээснийх биз. Гэвч хүлээлт талаар болж, ажил хаялт үргэлжилж байна. 

Нэг талд төсөвтөө захирагдсан Засгийн газар, нөгөө талд амьжиргаандаа хүрэлцдэг цалинтай болохыг шаардсан багш нар. Хоёр талын байр суурь хэзээ нэг цэгт огтлолцоно тэр хүртэл ажил хаялтад нэгдсэн сургууль, цэцэрлэгийн сурагчид Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхээ зөрчүүлсээр байх нь.