Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ)-ийн халдварын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд өнөөдөр "Хүслийн шинэ жил"-ээ тэмдэглэлээ.
Хавдартай тэмцэж буй эрэлхэг зоригт эдгээр хүүхэд өөрсдийн захианд авахыг хүссэн бэлгээ бичин Өвлийн өвгөнд илгээж, өнөөдөр бэлгээ гардан авч байна.
Энэхүү арга хэмжээг "Гэрэлт Анир" ТББ болон child.mn сайт хамтран зохион байгууллаа.
Child.mn сайтын үүсгэн байгуулагч А.Уянга "ЭХЭМҮТ-ийн хавдрын тасагт өдрийн эмчилгээ хийлгэдэг болон хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дунд хүслийн хайрцаг аялуулж, захиа цуглууллаа. Зорилго нь захианд бичсэний дагуу мөрөөдлийг биелүүлэх байсан бөгөөд өнөөдөр 30 гаруй хүүхдэд бэлгийг гардуулж өгсөн.
Зарим хүүхэд гар утас, унадаг дугуй, бамбарууш, аяга тавгийн иж бүрдэл, брэндийн пүүз гэхчлэн төрөл бүрийн бэлэг авах хүслээ бичсэн байв. Түүнийх нь дагуу бид бэлгийг нь бэлдэж, хүслийг нь биелүүлсэндээ маш их баяртай байна.
Бидний зорилго бол хүүхдийн тухайн мөчид юу хүсэж байгаа тэр мөрөөдлийг нь биелүүлж, хурдан эдгээрэй гэж урам зориг өгөх юм" хэмээв.
"Гэрэлт Анир" ТББ-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Э.Хишигдорж "Би Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч. Төрөл бүрийн чиглэлээр ажилладаг эмч, сэтгүүлчид хамтраад нийгэм гэрэлтэй мэдээлэл түгээдэг байя хэмээн анх энэхүү төрийн бус байгууллагыг байгуулсан. Энэ хүрээнд хорт хавдрыг даван туулж буй бяцхан дүү нартаа бага ч болов гэрэл асааж, урам өгөх зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бидний цаашдын зорилго бол хүүхэдтэй яаж харилцах, яаж асрах, өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ зэрэг мэдээллийг түгээх юм" гэлээ.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид хүүхдүүдээс захиа хүлээн авснаас хойш хоёр долоо хоногт бэлгээ цуглуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!