Уншиж байна ...
Зураг
Зураг

"СӨХ, тохижилт үйлчилгээний ажилчдыг боловсрол, байр сууриар нь дорд үзэх хандлага манай нийгэмд байна"

П.Сайнжаргал, IKON.MN
Өнөөдөр 14 цаг 17 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нийтийн аж ахуйн салбарын ажилчдын ажлын байрны дарамт, хүчирхийлэл" буюу тэдэнд нийгэм болон бусад хүчин зүйлээс ирдэг аливаа дарамтын хэлбэрүүдийн талаарх хэлэлцүүлгийг "Улаанбаатар Галерей"-д өнөөдөр зохион байгууллаа. 

Тохижилт үйлчилгээ, орон сууц, Сууц Өмчлөгчдийн Холбоо (СӨХ)-ны ажилчдын эрх ашиг ба тулгарсан асуудлын тухайд Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Жавзандуламаас тодруулснаа хүргэе. 



Тэрбээр хэлэхдээ "Нийтийн аж ахуйн салбарын ажилчид эдийн засгийн дарамт, хүчирхийллийн хохирлыг ихээхэн амсдаг. 

Энэ төрлийн Аж Ахуйн Нэгж, байгууллагууд улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Дээр нь орон нутгийн төсвөөс бараг дэмжлэг үзүүлдэггүй салбар.

Байгууллагууд ихэвчлэн өөрсдийнхөө үйл ажиллагаагаар өөрийгөө санхүүжүүлж, ажилтнуудынхаа цалин хөлс, нийгмийн асуудлыг шийддэг. 

Тэгэхээр хэрэглэгчдийн гар дээрээс орж ирэхгүй алдаад байгаа 30-аас дээш хувийн орлого буюу үйлчилгээний төлбөрийн алдагдлыг ажилчдын цалингаас хасаж, суутгаж байна. 

Инженерийн шугам сүлжээний засвараасаа мөнгө хасаж болохгүй. Яагаад гэвэл тэдгээр байгууллага хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааныг тасралтгүй хангах үүрэгтэй. 

Ус, дулаан, цахилгааны төлбөр нь Иргэний хуулийн 147.1-д зааснаар "үл маргах" журмаар төлөх төлбөрт ордог.

Оршин суугчид цахилгааны төлбөрөө харьцангуй төлдөг. Харин ус, дулаан СӨХ-ныхоо мөнгийг үлдээчхээд байна. Улмаар энэ хохирол, эдийн засгийн дарамтыг салбарын ажилтнууд бие дээрээ амсаж байгаа дүр зурагтай. 

Иймд манай салбарын ажилтнуудын хөдөлмөрийн дундаж хөлс нь бусад салбарыг бодоход хамгийн багадаа 22 хувь доогуур байна" гэлээ. 

Зураг: “Нийтийн аж ахуйн салбарт ажлын байрны дарамт хүчирхийллийн нөхцөлийг тодорхойлох” судалгаа

зураг
 
зураг
 

Энэ оны наймдугаар сараас гүйцэтгэсэн судалгааны талаар хэлэхдээ "Нийтийн аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа есөн дүүрэг, сонгогдсон долоон аймагт судалгааны багийнхан очиж, нийт 1,638 хүнийг хамруулсан.

Түүвэр судалгаанд энгийн ажилчдыг оролцуулсан бөгөөд ярилцлага хийхдээ хэн нэгэн хүнийг албадаагүй.

Судалгаа бөглөхтэй холбоотой асуудлаар нэмэлт мэдээлэл өгөх хүсэлтэй хүн байна уу? гэхэд байгууллага болгоноос хүмүүс гарч ирж байсан. Тэгэхээр ажилчдын дарамт, хүчирхийлэлтэй холбоотой асуудал "маш нуугдмал" байсаар байгааг илтгэлээ.

Хөдөлмөрийн тухай хуульд томьёолсон хөдөлмөрийн суурь хэм хэмжээнүүдийг байгууллагын дүрэм журамд хэрхэн тусгаж, баталгаажуулсан байгааг шинжлэн судлахыг зорьсон. 

Харамсалтай нь судалгаанд хамрагдсан байгууллагуудаас нэг нь л дарамт хүчирхийллийн асуудлыг дотоод журамдаа оруулжээ. Энэ нь Өмнөговь аймгийнх. Харин бусад байгууллага огт ийм журам хийгээгүй. 

Эдийн засгийн дарамтаас гадна удирдлагаас энгийн ажилчдад ирж байгаа дарамтын асуудал нэлээд өндөр хувьтай гарлаа. Дан ялангуяа орон сууц болон тохижилт үйлчилгээний байгууллагад илүү ажиглагдсан. 

Яагаад энэ асуудал хувийн хэвшлийн конторт гарч ирэхгүй байгааг харьцуулсан буюу хамаарлыг нь судлахад:

Орон нутгийн оролцоотой тохижилт болон орон сууцны байгууллагуудад НАМ ДАГАСАН ТОМИЛГОО их байсан. 

Нам дагасан томилгоо хийгдэж очингуутаа баг бүрдүүлэх нэрийдлээр

  • Олон салбарын мэргэжилтэн, ажилтнуудыг хөдөлмөрийн зах зээлийн гадна гаргах
  • Үндсэн зорилгын хүрээнд ажиллахгүй байх зэрэг асуудал далд хэлбэрээр илэрч байгаа.

Энэ нь нэлээд өндөр хувьтай илэрсэн. Бид бүхэн судалгааныхаа үр дүнг албан ёсоор ном болгож, хэвлэн танилцуулна. 

Нийтийн аж ахуйн салбарт ажилчдыг хүйсээр ялгаварлахаас илүү боловсрол, нийгэмд эзэлж байгаа байр сууриар нь дорд үзэх хандлага байна. Ялангуяа СӨХ болон тохижилт үйлчилгээний байгууллагуудад өндөр хувьтай гарч байсан" хэмээн хэлэв. 

зураг