Уншиж байна ...
Зураг
Зураг

Арванхоёрдугаар сарын 29-нд социализмын үед хийгдсэн, үзэл суртал шингэсэн кино гаргахгүй байхыг уриалав

Б.Бадамгарав, IKon.mn
Өнөөдөр 13 цаг 42 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн өдөр энэ сарын 29-нд тохионо.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн эрхшээлээс гарч, VIII Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөн түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөн таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан түүхтэй.

Энэхүү өдөр нь монголчуудын ихэд эрхэмлэх, ирээдүй хойчдоо үнэ цэн, ач холбогдлыг нь ойлгуулах учиртайг онцолж, Монголын Бурханы Шашинтны Төв(МБШТ)-Гандантэгчэнлин хийдээс хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш лам А.Батцэнгэл "Улс орнууд олон төрлийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Эдгээрээс хамгийн эрхэм баяр бол эрх чөлөө, тусгаар тогтносон өдөр нь. 

Монголчуудын Манжийн дарангуйллаас гарч, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглан зарласан өдөр нь арванхоёрдугаар сарын 29. Түүхэн талаас нь авч үзвэл VIII Богд Жавзандамба хутагт тусгаар тогтнолоо сэргээх өргөн хүрээтэй үйл явцыг удирдан зохион байгуулсан.

МБШТ-Гандантэгчэнлин хийд энэ жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдрийг "Эв нэгдэл" хэмээх уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нэгэн уриалгыг гаргалаа.

Монгол Улс аль нэг улсад харьяалагдахгүй, тусгаар улс байна хэмээн тусгаар тогтнохыг удирдан зохион байгуулсан Богд хааны нэр хүндэд халдсан, элдвээр гүтгэн доромжилсон кинонууд их гарч байна. Иймд арванхоёрдугаар сарын 29-нд ийм киног битгий гаргаач гэсэн уриалга гаргаж байна. Мөн Харилцаа Холбооны Зохицуулах Газарт албан бичиг өгсөн.

Тусгаар тогтнол бол хүн бүхэнд хамаатай бөгөөд хамгийн чухал нь бид тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна" гэв.

С.Гантөмөр: Хуучны кинонуудад үзэл суртал орсон нь их бий

Энэхүү өдрийн ач холбогдлын талаар МБШТ-Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр "113 жилийн тэртээ 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд Манжийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан.

Монголчууд эх газарт хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан ч цагийн эрхээр Монголын Эзэнт Гүрэн таран бутарч, бид Манж Чин гүрний эрхшээлд 200 гаруй жилийг өнгөрөөсөн байдаг. Сүүлд 1911 онд 200 гаруй жилийн Манжийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо зарласны хүчээр өнөөдрийн эрх чөлөөт, ардчилсан, тусгаар тогтносон Монгол Улс бий болж, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд хэмээн эх орноороо бахархах боломж нь бүрдсэн. 

Иймд арванхоёрдугаар сарын 29-нийг анхаарч, ирээдүй хойч үедээ таниулж байх нь зүйтэй. Учир нь энэ үед шинэ жилийн уур амьсгалтай болдог тул түүнд нь дарагдаад тусгаар тогтнолын өдөр хүмүүст танигддаггүй. Энэ өдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх бөхийн барилдаан болдог төдийгөөр л өнгөрч байна. 

Тусгаар тогтнол бол аль ч улс оронд хамгийн нэгдүгээрт тавих зүйл нь. Үүнээс илүү зүйл гэж үгүй. 

Эв санаагаа нэгтгэж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулан Богд хааны хаан ширээнд залж байж тэр өдөр монгол айл өрх бүр Их хүрээ рүү харж цай, сүүнийхээ дээжийг өргөсөн  гайхамшигтай түүх бий. Гэвч өнгөрсөн нийгэм буюу социализмын үед энэ бүгдийг үгүйсгэж ирсэн. Хэдийгээр тухайн үед тусгаар тогтносон байсан ч үзэл санааны хувьд бусдын эрхшээлд байлаа.

Энэ үед үзэл суртлын нөлөөгөөр ихээхэн кино хийгдсэн. Эдгээрт Богд хааныг үгүйсгэх, гүтгэн доромжилсон нь их. Тэр нь одоо ч хэвээрээ байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр социализмын үед хийгдсэн Богд хааныг үгүйсгэсэн, гүтгэн доромжилсон киног олон нийтийн сувгаар гаргахаар тусгаар тогтнолыг сэргээснээр нь бахархахын оронд элэглэж шоолоод байж байгаа нь ёс зүйд таарахгүй.

Хуучны кинонуудад үзэл суртал орсон нь их бий. Европын зарим оронд коммунизмын үед үзэл сурталд автаж байсан кинонуудыг бүгдийг нь хорьж, гаргах тохиолдолд тайлбар хийдэг. Үүн шиг үзэл суртал шингэсэн киног хорих, эсвэл тайлбар хийх нь зүйтэй. Ялангуяа ач холбогдолтой өдрүүдээр, өөрсдийн үндэс угсаа, тусгаар тогтнолоороо бахархах үедээ бусдын бодлого шингэсэн киноноос зайлсхийх учиртай" гэсэн юм.