2024 оны арванхоёрдугаар сарын 29-ний түүхт өдрийг тохиолдуулан МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж нийгэмд манлайлж буй сэхээтнүүд, урлаг соёлын төлөөлөл, залуу үеийн эрдэмтэдтэй хамтран уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн түүхэн үйл явдал, түүний ач холбогдол, өнөөгийн Монголын үнэт зүйлс, ирээдүйн сорилтуудын талаар өргөн хүрээтэй ярилцав.
Түүхэн ач холбогдол ба өнөө үе
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж уулзалтын эхэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ач холбогдлыг дурдан, монголчуудын тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд хаант Монгол Улсыг байгуулсан түүхэн тэмцлийг онцолсон. Тэрбээр энэхүү түүхэн үйл явдал нь монгол үндэстний оюун санааны ухамсар, соёл, эв нэгдлийн үнэ цэнийг тод томруун харуулсан хэмээн онцлон тэмдэглэв.
Залуу эрдэмтдийн үүрэг оролцоо
Энэхүү уулзалтад оролцсон залуу үеийн эрдэмтэд Монголын түүх, соёл, үндэсний хөгжилд тулгарч буй шинэ сорилтуудын талаар өөрсдийн үзэл бодол, судалгаа, шинжилгээний дүнг танилцуулж, үндэсний ухамсрыг шинэ шатанд гаргах, орчин үеийн мэдлэгийг уламжлалтай хослуулан хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж залуу эрдэмтдэд хандан
Ирээдүйд чиглэсэн хамтын санаачилгууд
Уулзалтын төгсгөлд оролцогчид Монголын соёл, шашин, шинжлэх ухаан, урлагийг хослуулан хөгжүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх талаар тодорхой санаачилгууд дэвшүүлж, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Энэхүү уулзалт нь залуу үеийн эрдэмтэд, сэхээтнүүдийн хамтын ажиллагаа, үндэсний ухамсрыг хөгжүүлэх, соёлын дархлааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал болж өндөрлөсөн гэж МБШТ-Гандантэгчэнлин хийдээс мэдээлэв.
Түүнчлэн түүхэн өдрийн хүрээн дэх энэ уулзалт нь үндэсний ухамсар, үнэт зүйлсийг хөгжүүлэх, өв соёлыг хадгалж ирээдүй хойч үедээ өвлүүлэх тал дээр чухал санал санаачилгууд гаргаснаараа онцлог байсныг онцолсон. Оролцогчдын дэвшүүлсэн санаачилгууд нь улс үндэстний бахархал, эв нэгдлийг бататгах, залуу үеийн оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад чиглэжээ.
Онцлох санал, санаачилгууд
1. Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар – Богд хаант улсын төрийн дууллыг хүндэтгэн дуулах санаачилга
2. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од – Эх оронч үзлийг хөгжмийн бүтээлээр дамжуулах
3. Очир Дара брэндийг үүсгэн байгуулагч Б.Цэцэг – Үндэсний өв соёлыг агуулсан тоглоом бүтээх санаачилга
4. УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн – Соёмбыг танин мэдүүлэх ажил
5. O Couture үүсгэн байгуулагч, загвар өмсөгч Э.Энхболд – Үндэсний хувцсаа сурталчлах уриалга
Уулзалтын үр дүнд:
Энэхүү уулзалт нь үндэсний үнэт зүйлсийг сэргээн хөгжүүлэх, өв соёлоо хамгаалах, залуу үедээ өвлүүлэх, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн түгээх тодорхой үйл ажиллагаануудыг тодорхойлох тал дээр үр дүнтэй болж өндөрлөв.
Энэ уулзалт нь монголчуудын үндэсний эв нэгдэл, оюун санааны сэргэлтэд чухал түлхэц болсон, шинэлэг санаачилгуудыг тодорхойлсон чухал арга хэмжээ боллоо гэж МБШТ-Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!