Уншиж байна ...
Зураг
Зураг

1,072 ширхэг хувьцааныхаа тодорхой хувийг Засгийн газарт зарсан иргэд нэрлэсэн үнээр нь буцаан худалдаж авч болох уу?

А.Ням-Өлзий, iKon.mn
Өчигдөр 18 цаг 08 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Батбаатар Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: 2015-2016 оны үед иргэдийн 1,072 хувьцааны тодорхой хувийг төр нэрлэсэн үнээр нь авсан. Ялангуяа тухайн үеийн оюутан, өндөр настнуудын хувьцааг авсан. Харин хувьцаагаа Засгийн газарт өгөөгүй хүмүүс тухайн үеийн нэрлэсэн үнээс илүү их мөнгийг ногдол ашиг хэлбэрээр өнөөдөр авч байна. Үүнийг буцаах боломж байгаа юу. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн ханшаар нь иргэдэд буцааж өгч болох уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 1,072 хувьцаатай холбоотой асуудал бий. Компанийн тухай хуулиар ногдол ашгаа бэлэн мөнгөөр олгохоос өөр хуулийн гарц байхгүй. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлснээр иргэд анх удаа хуримтлалтай болж байна. Цаашид ногдол ашгаа бэлнээр авах уу, хуримтлалын дансандаа хадгалах уу эсвэл хөгжлийн санд хандивлах уу гэдэг сонголт И монголиа аппликейшн дээр гарч ирдэг болно.

Одоо бол 1,072 ширхэг хувьцаа иргэдийн өмч. Засгийн газар иргэдийн өмчийн өмнүүр орж шийдвэр гаргах боломжгүй.

Тавантолгой компани энэ жилийн тухайд ойролцоогоор 400 мянга орчим төгрөгийн ногдол ашиг тараахаас байгаа. Цаашид Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам ашиглалтад орж нүүрсээ гаргаж эхэлбэл нэг сая ч гарна. Тэгвэл энэ их хэмжээний мөнгийг тараах уу, хадгаламжийн дансанд нь хуримтлуулах уу гэдгийг ярих шаардлагатай болох юм. Гэхдээ энэ бол хувьцаа эзэмшигчийн эрхийн асуудал.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 2015 онд Сайн хувьцаа гэж хэрэгжсэн. Хувьцаагаа нэрлэсэн үнээр нь зарсан 300 мянга орчим иргэн бий. Тэдгээр иргэдийн хувьцаагаа буцаан худалдаж авах эрхийг нь нээх нөхцөл бүрдээгүй байна.