Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гүржийн ерөнхийлөгч “Оросын хууль”-д хориг тавилаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Гүржийн нийгмийг талцуулаад байгаа “гадаад агент”-ын гэгдэх хуулийн төсөлд хориг тавьснаа тус улсын ерөнхийлөгч Бямба гарагт зарлажээ.

Эрх баригч Гүржийн Мөрөөдөл намын санаачилсан уг хуулийн төслийг Мягмар гарагт тус улсын парламент гурав дахь удаагийн буюу эцсийн хэлэлцүүлгээрээ дэмжсэн юм.

“Өнөөдөр би Оросын хуульд хориг тавьж байна. Энэ бол мөн чанар, утга санааны хувьд Оросын хууль юм. Энэ нь манай үндсэн хууль болон Европын бүх стандартыг зөрчиж буй тул манай Европын Холбоонд элсэх замд саад болохоор байна” гэж ерөнхийлөгч Саломе Зурабишвили мэдэгджээ.

Гадаад орны нөлөөг хязгаарлах зорилготой гэгдэж буй уг хуулиар үйл ажиллагааныхаа зардлын 20-оос дээш хувийг гадаадаас авдаг иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “гадаад улсын ашиг сонирхлыг хамгаалагч” гэсэн ангилалд бүртгүүлдэг болох юм.

зураг
 
Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили

Хөрш ОХУ 2012 онд үүнтэй төстэй хуультай болсноо одоо Кремлийн бодлогыг шүүмжилдэг байгууллага, хувь хүмүүсийг дарамтлах зэвсэг болгоод байгаа.

Хуулийн төслийг эсэргүүцсэн олон зуун мянган иргэдийн жагсаал Гүржийн нийслэл Тбилиси болон бусад хотуудад сар гаруй хугацаанд үргэлжилсэн юм.

Гэвч эрх баригч нам төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох ач холбогдолтой хэмээн хуулийн төслөө зүтгүүлсээр батлуулаад байна.

Европын Холбооны удирдлага энэ хууль Гүржийг тус байгууллагад гишүүнээр элсэх үйл явцад саад учруулж болзошгүйг анхааруулсан.

АНУ-ын засаг захиргаа бас Өрнөдийн эсрэг үзэл санааг дэмжсэн агуулгатай хууль батлагдвал хоёр улсын хамтын ажиллагаанд саад учрахыг анхааруулж байв.

Гүржийн үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч хоёр долоо хоногийн дотор хуулийг батлах эсвэл дахин хэлэлцүүлэхээр парламентад буцаах ёстой.

Хэрвээ парламентын 150 гишүүний 76 нь дэмжвэл ерөнхийлөгчийн хоригийг үл хэрэгсэн хуулийг дахин батлах боломжтой.

Эрх баригч Гүржийн Мөрөөдөл нам парламентад 90 суудалтай юм.

Хоёр дахь удаагаа парламентаар дэмжигдээд ерөнхийлөгч хуулийг батлахаас татгалзсан тохиолдолд парламентын спикер гарын үсэг зурж батлах эрхтэй ажээ.

Гүрж улсад ирэх аравдугаар сард парламентын сонгууль зохион байгуулагдана.

Хэрвээ эрх баригч нам олон нийтийн хүсэл сонирхлыг харгалзан үзэхгүй бол энэ сонгуульд ялагдах магадлалтай юм.

 

Эх сурвалж: The Guardian