Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Путин нарын уулзах газар болоод буй Аляска мужийн түүх

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Украины дайныг дуусгах асуудлаар энэ долоо хоногийн сүүлээр АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Аляска мужид уулзах гэж байна.

Энэ нутгийг 150 гаруй жилийн өмнө хаант Орос улсаас АНУ худалдан авч, өөрийн 49 дэх мужаа болгож байлаа.

ОХУ-ын нутаг дэвсгэрээс хэдхэн километрийн зайд оршдог Умард Америк тивийн алслагдсан энэ нутагт одоо ч Оросын соёлын нөлөө хадгалагддаг.

Данийн судлаач Витус Беринг хожим өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн Ази, Америк тивүүдийг заагласан нарийхан хоолойгоор 1728 онд анх удаа нэвтэрч байв.

Түүний аяллыг хаант Оросын засгийн газар санхүүжүүлж байжээ.

Хэдийгээр Беринг энэ газар байдгийг Өрнө дахинд нээсэн боловч уугуул иргэд хэдэн мянган жилийн турш амьдарсаар ирсэн юм.

Берингийн аяллын дараа Орос улс Кодиак аралд анхны колонио байгуулж, далайн хавын ан агнуурыг эхлүүлж байжээ.

1799 онд Нэгдүгээр Павел хаан үслэг эдлэлийн наймаа эрхэлдэг Орос-Америкийн компанийг үүсгэн байгуулсан нь нутгийн уугуул иргэдтэй байнгын сөргөлдөөн дунд үйл ажиллагаа явуулдаг байв.

Гэвч зуу орчим жилийн турш үргэлжилсэн хэт их ан агнуурын улмаас далайн хав, далайн халиуны тоо толгой эрс цөөрч, үүнийг дагаад Оросын суурьшигчдын эдийн засаг сүйрсэн юм.

Улмаар 1867 онд Оросын хаант улс энэ газар нутгаа АНУ-д $7.2 саяар зарж байжээ.

Тухайн үед энэ наймааг АНУ-д маш их шүүмжилж, санаачилсан төрийн нарийн бичгийн дарга Уилям Стюардын нэрээр “Стюардын тэнэглэл” хэмээн нэрлэж байв.

Орос-Америкийн компанитай зэрэгцэн Аляскад байгуулагдсан үнэн алдартны сүм хийд одоо Оросын нөлөөг хадгалдаг гол байгууллага хэвээр байгаа.

Сүүлийн байдлаар Аляскын эрэг дагуу үнэн алдартны шашны 35 гаруй сүм хийд үлдсэн байна.

Уугуул иргэдийн аялгатай орос хэлийг АНУ-д нэгдсэнээс хойш хэдэн арван жилийн турш Аляскад янз бүрийн хүрээнд ашигладаг байсан нь одоо устаж алга болжээ.

Гэхдээ мөсөн уулсаар хүрээлэгдсэн Аляскын өмнөд эргийн Кенайн хойгт одоо ч орос хэлийг заадаг байна.

Энд 1960-аад оны үед “Хуучны итгэгчид” гэгддэг үнэн алдартны шашинтай цөөнх иргэдэд зориулан байгуулагдсан сургууль 100 орчим хүүхдэд орос хэл заадаг.

Орос, Аляска хоёр газар зүйн байрлалын хувьд хэр ойрхон болохыг илэрхийлсэн хамгийн алдартай үгийг 2008 онд мужийн захирагч асан Сара Палин хэлсэн байдаг.

“Тэд бол манай зэргэлдээ хөрш бөгөөд Аляскын эх газраас, Аляскын арлаас Оросыг харж болно” гэж тэр хэлж байжээ.

Гэхдээ Аляскын эх газраас ОХУ-ын нутаг дэвсгэрийг харах боломжгүй юм. Хамгийн ойр хоёр цэг нь Берингийн хоолойд оршдог хоорондоо 4 км зайтай арлууд.

Оросын харьяа Их Диомед арлаас зүүн зүгт АНУ-ын харьяаны Бага Диомед арал оршдог. Бага Диомедэд одоо цөөн тооны хүн оршин суудаг байна.

2022 оны аравдугаар сард Украины дайнд явах цэрэг татлагаас зугтсан хоёр хүн Оросын эргээс хэдэн арван километрийн зайд оршдог Гэгээн Лоренсын аралд дүрвэж ирээд АНУ-аас улс төрийн орогнол хүсэж байжээ.

Путин 2014 онд Аляскыг “хэтэрхий хүйтэн” гэж хэлж байснаас үзвэл Орос улс худалдсан газар нутгаа буцаан авах сонирхолгүй байдаг бололтой.

 

Эх сурвалж: AFP