Уншиж байна ...

Нийтийн байруудад орчны, цахилгааны аюулгүй байдал болон ашиглалтын шаардлага хангахгүй зөрчил түгээмэл илэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудын орчин нөхцөлийг шалгах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Энэ тухай Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын дарга С.Энхбаяр: ҮСХ-ны 2021 оны тоон судалгаагаар улсын хэмжээнд 1,500 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 760 орчим нийтийн байр бүртгэлтэй байна. 2025 оны хоёрдугаар сард нийтийн байруудад төлөвлөгөөт шалгалт зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас ирсэн мэдээллээс харахад нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Үүн дотроо гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд түлхүү ирдэг байна. Галын аюулгүй байдлыг хангасан нийтийн байр цөөн байна гэсэн дүгнэлт гарсан.

Бид нийтийн байрны галын аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх,  орчин нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж байна. Мөн цахилгааны асуудлууд ямар байгааг шалгаж байгаа юм.

Улаанбаатарт байгаа 760 нийтийн байрны хоёр нь л ААН-ийн бүртгэлтэй байдаг. Үлдсэн нь иргэний эзэмшилд байна. Нэг нийтийн байранд багадаа 10 айл оршин сууж байна. Хамгийн олон айл амьдардаг буюу 68 айлтай нийтийн байр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байдаг. Энэ байрны амьдрах орчин харьцангуй сайн.

Харин жижиг нийтийн байруудад асуудал бий. Тухайлбал Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тус бүр 150 орчим нийтийн байр байдаг. 760 орчим нийтийн байраас хоёр хувь нь төвийн шугам сүлжээнд холбогдсон байдаг. Үлдсэн 52 хувь нь нүхэн жорлонтой, 47 орчим хувь нь ариутгах татуургын стандарт хангасан ариун цэврийн өрөөнүүдтэй байна. Олон хүн амьдардаг нийтийн байрнууд хөрсний, гүний усны бохирдлын асуудлыг бий болгодог.

Өмнө жил хийсэн шалгалтаар нийтийн байрууд түүхий нүүрс түлж байсан тохиолдлууд гарч байсан. Энэ жил шахмал түлш, хагас коксон түлшийг түлж байна" гэлээ.

Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны Засаг дарга н.Энхханд: 1959 онд ашиглалтад орсон эдгээр нийтийн байранд 40 айлын 280 хүн бүртгэлтэй байдаг ч 25 айлын 100 орчим иргэн амьдардаг. Олон жил болсон учраас ашиглалтын шаардлага хангахгүй, хөрсний бохирдол ихтэй, жорлонгийн нүх ухах шинэ газаргүй болсон. Ихэнх нь орон сууц түрээслэх зэргээр амьдарч байгаа. Өмнө нь 2-3 удаа гал гарч, эрдэнэт хүний амь хохирсон тохиолдол гарч байсан. 

Барилгын техникийн үзлэгийн улсын ахлах байцаагч н.Алтансүх: Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа нийтийн байрнуудад шалгалт хийхэд түгээмэл зөрчилтэй нь тавдугаар хорооны хэсгийн барилга байгууламж. Модон, холимог хийцлэлтэй хуучны барилга. 2018 онд хуучин мэргэжлийн хяналтын байгууллагаас уг барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарч байсан. Орчны аюулгүй байдал, инженерийн шугам сүлжээний шаардлагыг хангахгүй, барилгын төлөв байдлын стандартад нийцэхгүй байна.

Нийслэлийн зургаан дүүргийн 25 хороонд 119 байршлын нийтийн байранд хяналт шалгалт хийхэд орчны аюулгүй байдал, цахилгаан, инженерийн шугам сүлжээний аюулгүй байдал, ашиглалтын шаардлага хангахгүй, дулаан алдагдал ихтэй зөрчил түгээмэл илэрч байна.