"Говийн оюу" ХДС-аас хамгийн том санхүүжилт авч баригдсан төслүүдийн нэг бол Өмнөговь аймгийн Даланзадгад суманд шинэхэн ашиглалтад ороод буй Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль юм. Сумын захад орших тус сургуулийн барилга орчин үеийн стандартын дагуу баригдсанаараа онцлогтой.
Сургуулийн оройн хэсэг нь шилэн дээвэртэй, өргөн цэлгэр гал тогоо, номын сангийн танхим, коридор, урлагийн заал, анги танхим зэргийг иж бүрэн тохижилттой хүлээлгэж өгсөн нь хүүхдийн сурах орчныг хангахад жишиг болохуйц сургууль болсныг гэрчилнэ. Ингээд тус сургуулийн захирал Г. Отгонбаяртай уулзаж, сургуулийн онцлог, үйл ажиллагааны зорилт болон бусад асуудлаар ярилцлаа.
- Та боловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай хүний хувьд шинэ сургуулийн барилгын онцлог хийгээд сургалтын давуу талын талаар хуваалцахгүй юу?
- Манай сургуулийн хувьд 1200 хүүхдийн суудалтай. Хоёр ээлжээр 2400 хүүхэд хичээллэх боломжтой. "Говийн оюу" ХДС -ийн 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. 15 мянган метр квадрат талбайтай. Одоогийн байдлаар манай сургуульд 750 хүүхэд суралцаж байна.
Нийт 68 бүлэг хичээллэж байна. Бага ангийн 35 бүлэг, дунд, ахлах ангийн 33 бүлэг гээд маш олон бүлэгтэй. Олон бүлэгт хуваагдсан шалтгаан нь манай сургуулийн нэг ангид суралцах хүүхдийн тоо 24 байхаар зураг төсөл нь батлагдсан байдаг. Тэгэхээр бүлгийн тоо бол маш олон. Одоогийн байдлаар 89 багш, 30 гаруй ажилтнууд гээд нийт 129 багш илчид ажиллаж байна. Өнгөрсөн 3 дугаар сарын 10-наас хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Манай сургуульд давхар болгонд ариун цэврийн өрөө хангалттай, шат өргөн байдаг тул энд тэнд хүүхдүүдэд ачаалал үүсэхгүй гэсэн үг.
Хамгийн том онцлог, давуу тал гэвэл нэг анги дүүргэлт 24 хүүхэдтэй байхаар заасан. 40-50 хүүхдэд хүрэхэд багш хэцүү айдаг бол энд багш 2 дахин цөөн хүүхэдтэй ажиллаж байгаа тул мэдээж боловсролын чанарт өөрчлөлт ахиц гарч ирнэ. Хоёрдугаарт, манай сургууль байгалийн ухааны төрөлжсөн сургалттай сургууль болохоор зорьж ажиллаж байна. Аймгийн хувьд уул уурхайгаар улсдаа тэргүүлэх хэмжээний, улсын эдийн засгийн багагүй хэсгийг дангаараа бүрдүүлж байна. Зэрэгцээд аялал жуулчлал улсдаа тэргүүлэх зэргээр хөгжсөн. Мөн Монголын уламжлалт мал аж ахуйн салбар гээд дандаа байгальтайгаа харьцдаг.
Гэтэл бид өөрсдөө яг өнөөгийн түвшинд байгалийг хайрладаг, хамгаалдаг тийм төрлийн сургалт байхгүй байна, тийм төрлийн боловсон хүчин цөөн байна. Энэ жилдээ багтаад байгалийн ухааны төрөлжсөн сургалттай сургууль болох хөтөлбөрөө боловсруулж байна.
Шинэ сургуулийн хэрэгцээ шаардлага Даланзадгад суманд хэр байдаг вэ? Ерөнхийдөө манай сургуулийн барилгын ажил 2018-2020 онд эхэлсэн. Тухайн цаг үед аймгийн хэмжээнд 5 сургууль үйл ажиллагаа явуулж байсан. Эдгээр сургуулийн ачаалал маш их болсон. Энэхүү ачааллыг бууруулах зорилготой.
Мөн манай сургуулийн баригдсан хэсэг бол аймгийнхаа төвийн хэсгээс алслагдсан гэр хороолол. Энэ гэр хорооллын хүүхдүүд маш их хол замыг туулж сургуульдаа очдог. Тухайн үеийн судалгаагаар 5-7 км зам туулж очдог хүүхдүүд байсан. Тэгээд манайд зайлшгүй энэ бүсэд сургууль барих шаардлага байсан учраас шинэ сургуулийн зураг төсөв батлагдаад тухайн үеийн аймгийн удирдлага "Говийн оюу" ХДС -д хүсэлт тавьснаар, санхүүжилт гаргахаар болсон. Улмаар барилгын ажил эхэлсэн. Энэ явцад цар тахал тохиож хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил зогсонги байсан.
Тэгээд ерөнхийдөө тав дахь жил дээрээ сургуулийн барилгыг бүрэн хүлээлгэж өгсөн. Одоогоор хамгийн холын хүүхэд 3 км орчмоос шугамын автобусаар хичээлдээ явж байна. Гэхдээ ачаалал нь төдийлөн хөнгөрч чадаагүй 1, 2, 3 дугаар сургуулийн ачааллыг бууруулах шаардлага бий.
- Ирээдүйд ямар төлөвлөгөөтэй байна вэ?
Даланзадгад сумын ирэх жилийн төсөвт сургуулиудыг хоёр спорт заалтай болгох ажлууд багтсан. Ер нь хүүхдийн тоо нэмэгдэж, ачаалал өсөхийн хэрээр, багш нарын тоо нэмэгдэхийн хэрээр хэрэглэгдэх зүйлүүд улам л хүрэлцээтэй байх, чанаржих шаардлагатай болж байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд манай сургуулийн бүх хүүхдүүд Монгол орны өнцөг булан бүрээс шилжин ирж суралцаж байна.
Багш нарын хувьд ч ялгаагүй. Ийм сургуулийг зангидаад нэг байгууллага болгох, нэг хамт олон болгон төлөвшүүлэх, сурлагын чанарын үзүүлэлтэд тодорхой үр дүн гаргах, амжилтуудыг гаргах, байгалийн ухааны сургуулийн хөтөлбөрөө батлуулах зэрэг ажлыг багтаасан ирэх 5 жилд хийх ажлуудын стратеги төлөвлөгөө гаргаж байна. Ямар ч байсан ойрын 5 жилд сургуулийн орчныг тохижуулах, сурагчдын ая тухтай сурах нөхцөлийг хангах, хүүхдүүдийг амжилтад хүрэх бүхий л бололцоог хангах, боловсролын түвшинг ахиулах, сурлагын чанарыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах зорилт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн онд Даланзадгад суманд "Говийн оюу" ХДС-аас санхүүжүүлсэн 33 дугаар цэцэрлэг ашиглалтад орсон юм. Нэг байршилд зэргэлдээ байгуулагдсан Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль болон энэхүү цэцэрлэг нь сургууль, цэцэрлэгийн цогцолбор гэдгээрээ онцлогтой. Ингээд сумын 33 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Нацагсүрэнтэй цэцэрлэгийн онцлог, үйл ажиллагааны талаар ярилцлаа.
- Та сургуулийн өмнөх боловсролын салбарт нэлээд арвин туршлагатай хүн. Өөрийгөө болон цэцэрлэгийнхээ талаар танилцуулна уу?
- 2024 оны 8 дугаар сард энд ажиллахаар томилогдсон. Боловсролын салбарт 17 дахь жилдээ ажиллаж байна. Манай цэцэрлэг 2024 оны 9 дүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ хичээлийн жилд 8 бүлэгтэй, 348 хүүхэдтэй, 36 багш, ажилтантай ажиллаж байна. Манай үйл ажиллагаа өнгөрсөн жилтэй харьцуулахад харьцангуй жигдэрч байна.
"Говийн оюу" ХДС , аймаг орон нутгийн удирдлагууд, Боловсролын газрын удирдлагууд гээд олон талын дэмжлэгтэйгээр, энэ гэр хорооллын бүсэд манай цэцэрлэг баригдсан нь бага насны хүүхдүүдийн сурах хүртээмжийг дээшлүүлсэн. Сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах боломж нөхцөлийг хангаж өгсөн. Манай цэцэрлэг 200 хүүхдийн цэцэрлэг гэж баригдсан ч, бараг 350 хүүхэд хүлээн авч байна. Манай цэцэрлэг 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр олон улсын стандартын дагуу орон нутгийн “Ханбогд Арвижих” компани барьж ашиглалтад оруулсан. Манай цэцэрлэг техник, технологи, хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.
- Цэцэрлэгийн хүртээмж суманд ямар хэмжээнд байдаг вэ?
- Манай аймагт хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, үүнийгээ дагаад хүүхдийн цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага их бий. Үүний нэг шийдэл нь мэдээж цэцэрлэг барих асуудал. Уул уурхайгаа дагасан, орон нутгийн онцлогоос шалтгаалаад, хүн ам өсөж, олон цэцэрлэг баригдаж байна. Манай цэцэрлэгээс гадна сумын төвд 10 цэцэрлэг бий. Өнгөрсөн жил манайд 125 хүүхэд төгссөн. Манай цэцэрлэгийн байрлаж буй “Гурвансайхан” хороолол нь аймгийн төвийн хойд зүгт оршдог шинэ суурьшлын бүс. Олон өрх шилжиж ирдэг. Тиймээс манайд хамрагддаг хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
- Шинэ цэцэрлэгийн үйл ажиллагааг жигдрүүлэх явцад саад бэрхшээлтэй асуудлууд тулгарав уу?
- Ер нь гайгүй. Цэцэрлэгийн барилга байгууламжийн хувьд хүүхдүүдэд хүртээмжтэй, эдэлж хэрэглэж байгаа зүйлсийн хувьд чанартай, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн. Гагцхүү хүний нөөц, боловсон хүчин дутмаг байсан. МУБИС , “Отгонтэнгэр” их сургуулийн цэцэрлэгийн багшийн сургуульд эчнээгээр сургаад 3 жилийн дараа эдгээр багш нар маань мэргэжлийн багшаар эндээ ирж ажиллана.
- Бусад цэцэрлэгээс танай ялгарах давуу тал?
- Монгол ёс заншил алдагдаж байгаа өнөө үед үндэсний ёс заншил, өв уламжлалаа эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг олгохын төлөө хичээж ажиллаж байна.
Бид анх байгуулагдсаны дараа байгаль орчин, нийгмийн ухаан, гараг эрхэс, одон гараг зэрэг сэдвээр дагнасан цэцэрлэг болохыг зорьж байна. Гэхдээ Монгол ёс заншил хүүхдүүдэд илүү үлдэцтэй гэж үзсэн. Үндэсний ёс заншлыг харуулсан, орчин үеийн сургалтын арга зүй, уг сэдвээр хиймэл оюунтай холбосон хөтөлбөрийг гаргавал бидний давуу тал, онцлог болно гэж үзсэн. Тэгээд бид ёс заншлын төсөл бичсэн нь дэмжигдсэн. Ёс заншлын хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн эхнээсээ ирж байна. Тэмээ, тэрэг, гэр, морин хуур, үндэсний хөгжим гэх мэт.
Бас нэг онцлог гэвэл “Шимт” нэртэй боловсролын хөтөлбөрийг манай цэцэрлэг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь хүүхдүүдийн инженерчлэл, математикийн сургалтыг илүү өгөх агуулгыг багтаасан.
- Сургууль, цэцэрлэгийн цогцолборын давуу тал нь юу вэ?
- Манайх Даланзадгадад анхдагч цогцолбор. Манай цэцэрлэгт 4 жил сураад төгссөн хүүхэд энэ сургуульдаа орно. Сургуулийн багш нар манай цэцэрлэгийн хүүхдүүдийг 1 дүгээр ангид орохдоо ямар чадвар, төлөвшилтэй байвал давуу талтай болохыг зөвлөдөг. Бид сургууль дээр очоод аль чиглэлээр хамтран ажиллах нь зохимжтойг ярилцаж зөвшилцөх боломжтой байгаа нь цогцолбор сургууль, цэцэрлэгийн томоохон давуу тал гэж харж байна.
- Танайх хүүхдүүдийнхээ хоол хүнсэнд ямар хяналт тавьдаг вэ?
- Хүүхдийн хоолыг стандартын дагуу үйлдвэрлэдэг. Манай аймагт “Сүү” хөтөлбөр бүх сургууль цэцэрлэгт хэрэгжиж байна. Даваа, лхагва, баасан гарагт сүү өгдөг. Бусад өдөр сүүтэй хольсон бүтээгдэхүүн өгдөг. Энэ жилээс бүх цэцэрлэг адилхан цэстэй болсон.
- Ойрын ирээдүйн төлөвлөгөөг танилцуулна уу?
- Сургалтын чанарт анхаарлаа хандуулна. Боловсон хүчнээ чадваржуулна. Мөн барилга байгууламжийн хувьд өргөтгөл нэмэх бодол бий. Учир нь манайд шаардлага хангасан хүнсний агуулах одоогоор байхгүй. Манай цэцэрлэг нэг заалтай. Тэгэхээр бид хөдөлгөөн, эрүүл мэндийн хичээлийг нэг зааланд, хөгжмийн сургалтыг зориулалтын зааланд хийхийг зорьж байна. Цаашилбал, ангидаа биш, хоолны тусдаа зааланд зориулалтын ширээ,
Сандалд хооллож, хүүхдүүдийг хоолны соёлд сургахыг эрмэлздэг. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгтээ бүтээн байгуулалтын хувьд өргөтгөл хийх хэрэгцээ шаардлага бий.
Эх сурвалж: www.mongolianminingjournal.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!