Их Британи улс АНУ-ын явуулж буй Ираны эсрэг байлдааны ажиллагаанд цэргийн баазуудаа ашиглуулахаар болов

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Их Британи улс АНУ-ын явуулж буй Ираны эсрэг байлдааны ажиллагаанд өөрийн цэргийн баазуудыг ашиглуулахаар болсныг тус улсын ерөнхий сайд Кир Стармер өчигдөр зарлажээ.

Тус улс одоогоор уг ажиллагаанд оролцоогүй байгаа ч Ираны хариу цохилт Британийн иргэдийн амь насыг эрсдэлд оруулж байгаа тул бүс нутаг дахь хоёр цэргийн баазаа ашиглуулахаар болсныг Ням гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ Стармер тайлбарласан байна.

Ингэхдээ зөвхөн өөрийгөө хамгаалах буюу Иранаас харвасан пуужингуудыг эсэргүүцэх, бас Ираны пуужингуудыг нутаг дэвсгэрт нь устгах гэсэн хязгаарлагдмал зорилгоор ашиглуулах ажээ.

Ираны агаарын цохилтын бай болж буй Ойрх Дорнодын орнуудад Их Британийн 200,000 орчим иргэн одоо байгаа юм байна.

“Аюул заналхийллийг зогсоох цорын ганц арга зам бол пуужингуудыг агуулахад байгаа эх үүсвэрт нь устгах, эсвэл тэдгээрийг харвадаг системүүдийг устгах юм. АНУ энэхүү тодорхой бөгөөд хязгаарлагдмал хамгаалалтын зорилгоор Британийн баазуудыг ашиглах зөвшөөрөл хүссэн. Бид үүнийг нь зөвшөөрсөн” гэж Стармер тайлбарлажээ.

Их Британиас гадна Франц, Герман улсууд өчигдөр “Бид Ираны пуужин, нисгэгчгүй онгоц харвах чадварыг устгахын тулд шаардлагатай, пропорционал хамгаалалтын арга хэмжээ авах замаар өөрсдийн болон бүс нутаг дахь холбоотнуудынхаа эрх ашгийг хамгаалах болно” гэж мэдэгдсэн байна.

Стармерын гаргасан шийдвэр Их Британийн улс төрийн хүрээнд маргаан үүсгэжээ.

Ялангуяа тус улсын зүүний намуудын улс төрчид уг шийдвэрийг эсэргүүцсэн, шүүмжилсэн байр суурь илэрхийлцгээж байна.

Тухайлбал Либерал Ардчилсан намын тэргүүн Эд Дэви “Ерөнхий сайд хэдийгээр үүнийгээ зөвхөн хамгаалах зорилготой гэж тайлбарлахыг хичээж байгаа ч үнэндээ маш эрсдэлтэй алхам юм. Ойрх Дорнодын сунжирсан дайнд Их Британийг татан оролцуулах Трампын сонирхлыг тэр биелүүлэх ёсгүй. Стармер маргааш парламентын танхимд ирж, хууль эрх зүйн үндэслэлээ бүрэн танилцуулж, гишүүдийн саналыг сонсох ёстой” гэж мэдэгджээ.

Тэрбээр цааш нь “Бид бүс нутаг дахь Британийн эрэлхэг цэргүүд болон иргэдээ хамгаалах үүрэгтэй бөгөөд гол анхаарал үүнд төвлөрөх ёстой. Харин Их Британи улс хууль бус цэргийн ажиллагаанд оролцох ёсгүй” гэсэн байна.

Ногоон намын тэргүүн Зак Полански өмнө нь хэвлэлд ярихдаа АНУ-ын эхлүүлсэн ажиллагааг бас “хууль бус, өдөөн хатгасан үйлдэл” гэж тодорхойлж байв.

Гэхдээ нөгөө талаас консерватив улс төрийн хүчнүүд АНУ-д илүү их дэмжлэг үзүүлэхийг Стармераас шаардаж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC