Уншиж байна ...

Украины арми Харьков мужийн хоёр тосгоныг чөлөөлж, Оросын цэргүүдийг бүсэлснээ мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский фронтын шугамд оршдог Купянск хотод очихдоо Украины арми төмөр замын зангилааны зарим хэсгүүдийг буцаан авч, Оросын цэргүүдийг бүсэлсэн тухай мэдээлжээ.

Тэрбээр хотын хаалганы өмнө сум нэвтэрдэггүй хантаазтай зогсоод дээрх мэдэгдлийг видео хэлбэрээр хийсэн байна.

“Украин улс дипломат харилцаанд үр дүнд хүрэхийн тулд фронтын шугам дээр үр дүн гаргах нь маш чухал байна” гэж Зеленский энэ үеэр хэлжээ.

Тэрбээр цааш нь “Олон оросууд Купянскийн тухай ярьж байгааг бид харж байна. Тэгвэл би энд ирсэн, залуустаа баяр хүргэсэн. Эзлэн түрэмгийлэгчдийг устгаж байгаа, энд тулалдаж байгаа бүх хүмүүс, бүх анги нэгжүүдэд баярлалаа” гэж хэлсэн юм.

зураг
 

Украины Үндэсний Гвардын харьяа Хартия Корпус өөрийн сувгаар Купянскийн хойд талд байдаг Киндрашивка, Радкивка зэрэг хэд хэдэн суурин газрыг чөлөөлснөө мэдээлжээ.

“Өнөөдөр бид хотод байгаа оросууд бүрэн бүслэгдсэнийг хэлж чадахаар байна. Тэд удаан хугацаанд юу болоод байгааг ойлгоогүй. Гэхдээ одоо бүслэгдсэнээ мэдэж байгаа” гэж Хартия Корпусын командлагч Игорь Оболенский ярьсныг Украины хэвлэлүүд мэдээндээ эш татсан байна.

Купянск хотыг 2022 онд Оросын цэргүүд эзэлсэн ч намар нь буцаан алдсан юм. Өнгөрсөн сарын сүүлээр Оросын тал тус хотыг дахин эзэлснээ зарлаж байлаа.

Харин Украины тал үүнийг няцааж байсан юм.

Сүүлийн саруудад Оросын арми тулааны талбарт амжилттай давшиж байгаагаа байнга мэдээлж буй.

Гэхдээ Киевийн эрх баригчид үүнийг Украин улс удахгүй нуран унах гэж байгаа мэт сурталчлах, дайныг зогсоох яриа хэлэлцээнд нөлөөлөх гэсэн оролдлого гэж тайлбарладаг.

Трампын засаг захиргаа одоо бараг дөрвөн жил үргэлжилж буй дайныг зогсоохын тулд Украинаас зарим газар нутгаа Оросын хяналтад өгөхийг тулган шаардаж байгаа.

Оросын эрх баригчид дорнод Украины хоёр мужийг бүхэлд нь хяналтдаа авах нөхцөлөөр дайнаа зогсоох санал тавьсан гэлцэж байна.

Харин Купянск хот харьяалагддаг зүүн хойд Харьков мужийг авах талаар ярихгүй байгаа.

Москвагийн эрх баригчид хамгийн сүүлд Донецк мужийн стратегийн ач холбогдолтой хот Покровскийг эзэлснээ зарласан.

Харин Киев үүнийг нь үгүйсгэж, тулаан үргэлжилж байгааг баталж байна.

 

Эх сурвалж: Reuters