Улаанбаатар хотын өрхийн ус худалдан авах чадварын асуудал, шийдвэрлэх арга зам зөвлөлдөх уулзалт "Новотел" зочид буудалд өнөөдөр боллоо.
Энэ үеэр усны компакт гэрээний ач холбогдлын талаар Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэлээс тодруулснаа хүргэж байна.
Тэрбээр хэлэхдээ "Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээ буюу “Усны компакт гэрээ”-ний хүрээнд өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Усны компакт гэрээ нь дотроо гурван төслөөс бүрдэнэ. Үүнд хаягдал усны дахин ашиглалтыг дэмжихэд чиглэсэн томоохон дэд бүтцийн төслүүд багтана.
Түүнчлэн усны салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, дэд бүтцийн барилга байгууламжуудын тогтвортой байдал, ашиглалт үйлчилгээг хангах, усны салбарт урт хугацаанд хэрэгжих хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулахад чиглэсэн бодлого зохицуулалтын шинжтэй төслөөс бүрдэж байна.
Нэг талаас усаар хангагдах нь хүний суурь эрх юм. Энэ үүргээ төр засаг дэд бүтцийн хүрээнд төслөөр дамжуулаад биелүүллээ.
Нөгөө талаас дэд бүтцийнхээ хөрөнгө оруулалтыг дагасан, ашиглалт үйлчилгээгээ санхүүжүүлэхэд зориулсан санхүүгийн үүрэг хариуцлагыг хэрхэн яаж биелүүлэх вэ?, цааш зохих ёсоор авч явахад шаардлагатай хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хэрхэн нөхөх, нийгэм, эдийн засгийн болзошгүй үр дагавраас нийгмийн эмзэг бүлэг буюу төлбөрийн чадвар багатай хүмүүсийг санхүүгийн үр дагавраас хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг харгалзаж үзэх шаардлагатай.
Хөрөнгө оруулалтыг нөхөх ёстой. Эдгээр үйлдвэрийг авч явах санхүүгийн боломж бүрдэх ёстой. Нийгэмд сөрөг нөлөөгүйгээр хэрхэн яаж төслийг хэрэгжүүлэх вэ гэдгийг уулзалтын хүрээнд авч хэлэлцэж байна" гэлээ.
Улаанбаатар хотын өрхийн ус худалдан авах чадварын асуудал, шийдвэрлэх арга зам зөвлөлдөх уулзалтын үеэр "Ус худалдах авах чадвар: Судалгааны үр дүн ба өгөгдлийн шаардлага" сэдэвт илтгэлийг Үндэсний Статистикийн Хорооны зөвлөх Б.Алтанцэцэг танилцуулсан юм.
Өрхүүдийн усны хэрэглээ ба бодит зардлын талаарх судалгааны дүгнэлтийг түүнээс тодруулснаа хүргэж байна.
Тэрбээр "ҮСХ-ноос Ус худалдан авах чадварыг үнэлэх судалгааг 2022-2023 онд хийж гүйцэтгэлээ.
Энэ нь дотроо хоёр тусдаа судалгаа болсон гэж хэлж болно. Өмнө нь усны төлбөр төлөх эрмэлзлийн судалгааг Улаанбаатар хотын 5,000 орчим өрхөөс авч байсан.
Дээрх судалгаанаас устай холбоотой өргөн мэдээлэл цуглуулсан бөгөөд судалгааны өгөгдлийг ашиглаад дараагийн шатны буюу "Ус худалдан авах чадвар"-ын судалгааг хийлээ.
Ус худалдан авах чадварын судалгаа гэдэг нь өрхүүд усны хэрэглээнээс шалтгаалж санхүүгийн дарамтад орж байна уу, үгүй юу гэдгийг дүгнэсэн гэсэн үг.
Улаанбаатар хотод ус худалдан авах чадварын асуудал, устай холбоотой санхүүгийн дарамт үүсээгүй. Яагаад гэвэл усны үнэ тариф маш доогуур байгаа гэсэн таамаглалыг анх дэвшүүлж байсан.
Судалгааны үр дүн гарахад усны үнэ тарифаас үүдэлтэй санхүүгийн дарамт аль 2020 онд үүссэн байсан нь харагдлаа.
Худалдан авах чадварын асуудал нь өөрөө олон талтай. Жишээлбэл нэг хэсэг нь төвлөрсөн бус системээс усаа авдаг өрхүүд. Харин нөгөө талд нь орон сууцанд амьдардаг төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон өрхүүд бий. Эдгээр өрх нь өөр хоорондоо шинж чанараараа адилгүй.
Бид гурван аргачлалаар үзүүлэлтийг хэмжсэн.
Уламжлалт худалдан авах чадварын харьцаагаар өрхийн усанд зарцуулж байгаа зардал орлогынх нь хэдэн хувийг эзэлж байгаа вэ гэдгээс нь санхүүгийн хүндрэл учруулж байна уу, үгүй юу гэдгийг үнэлдэг аргачлал бий.
Энэ аргачлалаас үзэхэд 2020 оны байдлаар нийт өрхийн 3.8 буюу бараг дөрөв орчим хувь нь ус худалдан авах чадварын асуудалтай байна гэж гарсан. Нийт 5,000 өрхөөс судалгаа авсан. Энэ судалгаа нь Улаанбаатар хотын хэмжээнд авсан түүвэр судалгаа.
Бодит зардлыг орлоготой нь харьцуулах аргачлалаар гэр хорооллын өрхүүдийг бодвол орон сууцны өрхүүд нь ус худалдан авах чадварын асуудал ихтэй байна. Энэ нь орон сууцны өрхийн усны хэрэглээ гэр хорооллын өрхөөс өндөр байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл энэ аргачлалаар орон сууцны өрх, ялангуяа тоолуургүй орон сууцны өрхөд усны зардал илүү санхүүгийн дарамт учруулж байна.
Тухайн өрх усаа зохистой түвшинд хэрэглэвэл тэр усаа худалдан авах зардал нь орлогынх нь хэдэн хувьтай тэнцэх вэ?
Хүний хоногийн усны хэрэглээ 100 литр байна гэх зөвлөмжийн ДЭМБ-аас гаргасан байдаг. Тэгвэл энэ хэмжээний усыг хэрэглэхэд эргээд санхүүгийн дарамт учруулах уу гэдэгт шинжилгээ хийж үзлээ. Нийт өрхийн 4.5 хувь нь ус худалдан авах чадварын асуудалтай.
Түүнчлэн үлдэгдэл орлогын арга буюу өрхүүд усныхаа төлбөрийг төлөөд орлогоос үлдсэн хэсэг нь амьжиргааны баталгаажих зардлын наад захын хэрэглээг хангахад хүрч байна уу, үгүй юу гэдгийг харлаа. Өөрөөр хэлбэл санхүүгийн дарамт үүсэж байна уу гэдгийг нь хэмждэг аргаар үзсэн.
Бодит хэрэглээний зардлаас харвал орон сууцныханд санхүүгийн дарамт их учруулж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!