Өчигдөр буюу Баасан гарагт Европын Холбооны эрх баригчид өөрийнх нь банканд байгаа Оросын төв банкны хөрөнгийн битүүмжийн хугацааг хязгааргүй болгох шийдвэр гаргалаа.
Ингэснээр уг хөрөнгийг Украины санхүүжилтэд ашиглах боломж нээгдэж байна.
Одоогоор Оросын төв банкны 210 тэрбум еврогийн хөрөнгө Европын банкуудад хадгалагдаж байгаа бөгөөд Украины дайн эхэлсний дараахан битүүмжлэгдэж байжээ.
Гэвч уг битүүмжийг зургаан сар тутамд сунгадаг, ингэхдээ Европын Холбооны бүх 27 гишүүн орны 100 хувийн саналаар хэрэгждэг байсан нь Унгар, Словак зэрэг Кремльтэй найрсаг харилцаатай байхыг эрмэлзэгч орнууд хориг тавих эрсдэл бий болгож байв.
Харин одоо хугацааг нь хязгааргүй болгосноор уг хөрөнгийг Оросын талд буцаах зам хаагдаж, Украины тусламж, сэргээн босголтод зээл болгон ашиглах боломж нээгдэж байна.
Оросын эрх баригчид зөвхөн дайнаа зогсоож, Украинд учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан тохиолдолд дээрх хөрөнгө битүүмжээс чөлөөлөгдөх юм.
Ирэх долоо хоногт Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийг хэрхэн ашиглах асуудлыг хэлэлцэнэ.
Арванхоёрдугаар сарын 18-нд товлогдсон уг уулзалтыг даргалах Евро Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста “Дараагийн алхам: 2026-2027 оны Украины санхүүгийн хэрэгцээг хангах” гэж мэдэгджээ.
АНУ болон ОХУ-ын боловсруулсан 28 зүйлт энхийн төлөвлөгөө хэмээх бичиг баримтад Европын Холбооны царцаасан хөрөнгийг Украин, Орос, АНУ-д ашиглуулахаар чөлөөлөх тухай заалт байсан юм.
Энэ санаа Украин болон Европын орнуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байв.
Оросын төв банкны хөрөнгийн ихэнх хэсэг буюу 193 тэрбум евро Бельгийн клирингийн төв Euroclear байгууллагын дансанд байгаа.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан дээрх шийдвэрийг “Европын Холбоонд хууль засаглахаа больж эхэлсний илрэл” гэж шүүмжилжээ.
“Европын Зөвлөл нь Европын хуулийг системтэйгээр хүчирхийлж байна. Энэ бол Украины дайныг үргэлжлүүлэх зорилготой үйлдэл бөгөөд энэ дайнд ялах боломжгүй нь тодорхой юм” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.
Унгар улс хууль ёсны дэг журмыг сэргээхийн тулд чадах бүхнээ хийхийг Орбан бас амлажээ.
Словакийн ерөнхий сайд Роберт Фико тус улс “ирэх жилүүдэд Украины дайны зардлыг өсгөх аливаа төлөвлөгөөг дэмжихээс татгалзах”-ыг Костад бичсэн захидалдаа мэдэгдсэн байна.
“Оросын битүүмжилсэн хөрөнгийг ашиглах нь АНУ-ын энх тайвны хүчин чармайлтад шууд эрсдэл учруулж байна” гэж тэр шүүмжилжээ.
Өчигдөр ОХУ-ын төв банк дээрх шийдвэрийг “олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл” хэмээн эсэргүүцэж, Euroclear байгууллагын эсрэг Москвагийн шүүхэд гомдол гаргаж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!