Өнгөрсөн есдүгээр сард Финланд улсын гоо бүсгүй болсон Сара Жафче арьс өнгөөр ялгаварласан үйлдлийнхээ төлөө титмээ хураалгасныг тэмцээний зохион байгуулагчид Пүрэв гарагт зарлажээ.
Тэд арьс өнгөөр бусдыг ялгаварлан гадуурхах үзлийн ямар ч хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж, ийм зүйл тохиолдсонд олон нийтээс уучлал гуйсан байна.
Тэмцээний дэд байрыг эзэлж байсан Тара Лэхтонен гоо бүсгүйн титмийг Жафчегээс шилжүүлэн авчээ.
“Би энэ алдрыг бахархал, гүн хүндэтгэлтэйгээр авч явахаа амлаж байна” гэж Хельсинки хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Лэхтонен хэлсэн юм.
Жафчегийн маргаан дагуулсан гэрэл зураг сошиал ертөнцөд тарсан нь түүнийг титмээ алдахад хүргэсэн байна.
Тэрбээр нүдээ хуруугаараа татан сунгаж буйг харуулсан зургаа сошиал хуудсанд нийтлээд “Хятад хүнтэй хамт хооллох гэж байна” гэсэн тайлбар хавсаргасан юм.
Жафчегийн гаргасан энэ үйлдэл зүүн Ази гаралтай хүмүүсийг доромжилсон агуулгатайд тооцогддог.
Тэрбээр эхлээд энэ үйлдлээ “толгой хүчтэй өвдөж байсан тул чамархайдаа иллэг хийсэн” гэж тайлбарлаж байжээ.
Гэхдээ сүүлд хэвлэлийн хурал дээр буруугаа хүлээн зөвшөөрч, бусдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлал гуйсан юм.
Эх сурвалж: DPA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!