Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр "Оюу толгой" компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн үр өгөөжийн талаар "Оюу толгой төслөөс Монгол Улсад орж байгаа өгөөжийг гурван янзаар тооцож байгаа. "Оюу толгой" компани өнөөдрийг хүртэл буюу 2025 оны III улирлын байдлаар улсын болон орон нутгийн төсөвт нийт 13.7 их наяд төгрөг буюу 5.3 тэрбум ам.долларын татварыг төлсөн.
Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан эхний өдрөөс л өгөөжөө өгөөд эхэлсэн. "Оюу толгой" 2010 оноос хойш л татвараа төлөөд эхэлсэн.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь манай улсын үе үеийн засгийн газрын стратегийн зорилт байдаг. Оюу толгой төсөл дээр гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 20.6 тэрбум ам.доллар орж ирсэн.
2010 оноос хойш манай улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын 2 доллар тутмын нэг нь Оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалт байсныг дурдах нь зүйтэй. Энэ мөнгө 1000 гаруй дотоодын ханган нийлүүлэгч рүү 38 их наяд төгрөг орсон.
Манай компанийн ханган нийлүүлэгчдээс 30 ААН нь ТОП 100 ААН буюу шилдэг татвар төлөгчид байдаг" гэв.
Оюу толгойн үр өгөөжийн хуваарилалтыг талууд анх тохирохдоо:
Ногдол ашиг хуваарилалт болон төслийн санхүүжилтийн төлөвлөгөөг 2011 онд хувь нийлүүлэгчид анх ярилцаж тохирсон байсан бөгөөд Оюу толгойн үр өгөөжийг том зургаар нь үндсэн 3 хэлбэрээр харах нь зөв гэв.
Оюу толгойн хувьд эхний хоёрыг бүтээн байгуулалтын ажил эхэлсэн эхний өдрөөс биелүүлсэн бол, ногдол ашгийг Эрдэнэс Оюу Толгой, Рио Тинтогийн аль алинд нь хуваарилж эхлээгүй байгаа аж.
Оюу толгой уурхайн бүтээн байгуулалтад 16 тэрбум ам.доллар зарцуулж, дэлхийн хамгийн аюулгүй уурхайнуудын нэгийг байгуулсан бөгөөд 2025 оноос эерэг мөнгөн урсгалтай болж эхэлжээ.
2010 оноос хойш нийт 5.3 тэрбум ам.долларыг татвар хураамжид төлсөн бөгөөд 2026 онд 600 сая ам.доллар төлөхөөр төлөвлөж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!