АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан Намын хууль тогтоогчид өчигдөр Жефри Эпштейн агсны эзэмшлийн байгууламжид авхуулсан ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгч асан Билл Клинтон, Их Британийн хунтайж асан Эндрю нарын гэрэл зургуудыг нийтэд ил болгожээ.
Төлөөлөгчдийн танхимын хяналтын байнгын хороо одоо Эпштейний эдлэнгээс олдсон 95,000 гаруй гэрэл зургийг шалгаж байгаа бөгөөд тэдгээрээс 19-ийг нь өчигдөр үзүүлсэн юм байна.
Эдгээрийн гуравт нь ерөнхийлөгч Трамп гарчээ.
Тухайлбал нэг хар цагаан гэрэл зурагт олон бүсгүйтэй хамт инээмсэглэн зогсож байгаа Трампыг харуулсан байна.
Хоёр дахь зурагт Трамп, Эпштейн нар зэрэгцэн зогсож байсан бол гурав дахь зурагт царай нь улайж, зангиагаа сулласан Трамп нэг эмэгтэйн хажууд сууж буйг харуулжээ.
Эдгээр зургуудыг хэзээ, хаана авсан нь тодорхойгүй байна.
Зургуудад Клинтоноос гадна Трампын зөвлөх асан Стив Бэннон, тэрбумтан Билл Гэйтс, сангийн сайд асан Ларри Саммерс нар мөн багтжээ.
Бас сэкс тоглоомууд, Трампын дүрстэй, $4.5-ын үнэ бүхий “Би Маш ТОМ!” гэсэн бичигтэй бэлгэвч зурагт дүрслэгдсэн байна.
“Эдгээр ноцтой гэрэл зургуудаас Эпштейн болон түүний дэлхийн хамгийн нөлөө бүхий эрчүүдтэй үүсгэсэн харилцааны талаар олон асуултууд урган гарч ирж байна. Америкийн ард түмэн үнэнийг олж мэдэх хүртэл бид тайвшрахгүй. Хууль зүйн яам одоо бүх баримтыг ил болгох ёстой” гэж Калифорни мужид Ардчилсан Намаас сонгогдсон хууль тогтоогч Роберт Гарсиа мэдэгджээ.
Тэд хохирогч эмэгтэйчүүдийн хувийн нууцыг хадгалахын тулд нүүрийг нь халхалсан байсан юм.
Одоогоор Цагаан ордон эдгээр гэрэл зургуудын талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.
Трамп 1990-ээд он, 2000-аад оны эхээр Эпштейнтэй найзалж байгаад бэлгийн гэмт хэрэгт холбогдохоос нь өмнө харилцаагаа тасалсан гэж ярьдаг.
Ингэхдээ тэр Эпштейнийг насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татаж, бэлгийн мөлжлөгт ашигладаг байсныг огт мэдээгүй байснаа илэрхийлж байв.
Ерөнхийлөгч асан Клинтоны хувьд Эпштейний хувийн нисэх онгоцоор зорчиж байснаа хүлээсэн ч гэмт үйлдлийнх нь талаар мэддэггүй байснаа баталж байлаа.
Эпштейний хэргийн хохирогчдоос одоогоор Клинтоныг буруутгасан хүн байхгүй байгаа юм.
Их Британийн хаан Чарльзын дүү, хунтайж Эндрю саяхан Эпштейнтэй холбоотой байсан нь илэрсний дараа цол хэргэм, эрх мэдлээ алдаад байгаа. Гэхдээ тэр буруутай үйлдлээ үгүйсгэсээр байгаа юм.
Нью-Йоркийн нэртэй санхүүчдийн нэг Жефри Эпштейн залуу охид бүсгүйчүүдийг нэр нөлөө бүхий хүмүүст зуучлах ажлыг өөрийн эзэмшлийн арал дээр зохион байгуулдаг байсан нь илэрч байв.
Тэрбээр бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж, Нью-Йоркийн шоронд хоригдож байхдаа 2019 онд амиа хорлосон юм.
Түүний хэрэгтэй холбоотой дуулиан Трампын нэр хүндийг нэлээд сэвтээгээд байгаа. Өнгөрсөн сард АНУ-ын Конгресс уг хэрэгтэй холбоотой бүх баримтыг нууцаас ил гаргах хуулийг баталсан юм. Одоо тус улсын хууль зүйн яам үүнийг хэрэгжүүлэхээр бэлдэж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!