Энэтхэг улсын дээд шүүх нийслэл Дели хот болон түүний ойр орчмын бүс нутгийн удирдлагуудад бүх золбин нохойгоо барьж, цагдан хорих хугацаат даалгавар өгчээ.
“Нохойд хазуулсны улмаас галзуу өвчин тусах аюул” иргэдийн дунд нэмэгдэж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.
Орон нутгийн захиргаа найман долоо хоногийн дотор дээрх даалгаврыг биелүүлэх ёстой болжээ.
Дели хотын золбин нохойн тоо нэг саяд хүрсэн гэж үздэг. Нойда, Газиабад, Гуруграм зэрэг дагуул хотуудад нь ч бас золбин нохдын тоо өсөж байгаа.
Энэтхэг улс олон сая золбин нохойтой бөгөөд галзуу өвчинтэй холбоотой дэлхий дахины нийт үхлийн 36 хувийг дангаараа эзэлдэг.
“Нярай болон бага насны хүүхдүүд ямар ч үнээр хамаагүй галзуу өвчний аюулаас хамгаалагдах ёстой. Энэ арга хэмжээ нь тэдэнд золбин нохойгоос айлгүй чөлөөтэй амьдрах итгэлийг төрүүлэх ёстой” гэж шүүхийн шийдвэрт өгүүлжээ.
Дели хот болон түүний дагуул хотуудад золбин нохдыг байрлуулах хамгийн цөөндөө 5,000 байр бэлдэх ёстой гэж шүүх үзсэн байна.
Эдгээр нь ариутгал, вакцинжуулалтын багаж хэрэгсэл, хяналтын камераар тоноглогдсон байх ёстой гэнэ.
Мөн нохойд хазуулсан талаар мэдээлэл өгөх тусгай утасны шугам нээх долоо хоногийн хугацааг орон нутгийн эрх баригчдад өгчээ.
Гэвч амьтны эрх хамгаалагчид шүүхийн шийдвэрийг хэрэгжих боломж багатай хэмээн шүүмжилж байна.
“Энэтхэгийн ихэнх хотуудад одоо золбин нохойн байрны багтаамж шаардлагатай хэмжээнийхээ нэг хувьд ч хүрэхгүй байна. Хэрвээ шүүх болон эрх баригчид галзуу өвчний аюулыг үнэхээр арилгахыг хүсэж байгаа бол золбин нохойн тоо толгойг хянахад чиглэсэн үржлийг хязгаарлах, вакцинжуулах, хог хаягдлын менежмэнтийг сайжруулах зэрэг одоогийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж PAWS амьтны эрх ашгийг хамгаалах байгууллагын үүсгэн байгуулагч Нилеш Банаж ярьжээ.
Энэтхэгийн засгийн газрын тоо баримтаас үзвэл 2024 онд тус улсад нохойд хазуулсан 3.7 сая тохиолдол бүртгэгдсэн байна.
Эрх баригчид галзуу өвчнөөр нас барсан хүний бодитой тоог гаргаж чадахгүй байгаа гэдэг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “Энэтхэгт галзуу өвчний тоо баримт тодорхойгүй байдаг ч жил бүр 18,000-20,000 хүн нас бардаг байж магадгүй гэсэн баримжаа тооцоо бий” гэж мэдэгджээ.
Харин Энэтхэгийн эрх баригчид энэ талаар маш бага тоо ярьдаг.
Тухайлбал тус улсын засгийн газар 2023 онд 50, 2024 онд 54 хүн галзуу өвчнөөр нас барсан гэх тайланг парламентдаа танилцуулж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!